Коронавируснээс болж гүний уурхайн зардал ДАХИН НЭМЭГДЭХ магадлалтай

Коронавируснээс болж  гүний уурхайн зардал ДАХИН НЭМЭГДЭХ магадлалтай

Коронавирустэй холбоотойгоор Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил нэмж удаашрах магадлал өндөр байгааг компанийн зүгээс мэдэгдлээ. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдын зүгээс гүний уурхайн барилгын ажил 16-30 сараар хойшилж, зардал нь  1.2-1.9 тэрбум ам.доллароор өсөх урьдчилсан тооцооллыг өнгөрсөн жилийн долоодугаар сард зарлаж байсан. Тэгвэл коронавируснээс сэргийлсэн хязгаарлалтууд хэр удаан үргэлжлэхээс шалтгаалан төслийн хуваарьт нөлөө үзүүлэх магадлалтай гэж “Оюу толгой” компани мэдэгдэв. Төслийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж эзэмшиж буй “Эрдэнэс Оюу толгой” ХХК нь хэтэрсэн зардал бүрийн 34 хувьтай тэнцэх хэмжээний өрийг төлөх үүргийг 2011 оны зургаадугаар сарын 8-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу хүлээсэн байдаг.

Тус гэрээнд  “Рио тинто” групп нь “Оюу толгой” ХХК-д стратегийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж, менежментийн үйлчилгээний төлбөр авна.  Хөрөнгө оруулагчид гүний уурхайн олборлолт эхлэх хүртэл шаардагдах хөрөнгийг 100 хувь гаргах бөгөөд Засгийн газрын эзэмшлийн хувьд ногдох санхүүжилтэд LIBOR дээр нэмэх нь 6.5 хувиар хүү тооцно. Үндсэн болон хүүгийн төлбөрийг “Эрдэнэс Оюу толгой”-н ирээдүйн ногдол ашгаас суутгана. Төслийн санхүүжилт Хувьцаа эзэмшигчдэд ашигтай байх бол хөрөнгө оруулалтыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгохыг эрмэлзэнэ” гэж заасан байдаг юм. Тэгэхээр коронавирустэй холбоотойгоор гүний уурхайн барилгын ажил удаашрах нь санхүүжилтийн хэмжээнд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь манай тухайд чухал асуудлуудын нэг.

“Оюу толгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс мэдээлснээр гуравдугаар сард 1939 метр малталт хийж, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ахицтай үргэлжилсэн ч коронавируснээс сэргийлэн хөдөлгөөн хязгаарласнаас үүдэн мэргэжилтнүүдийг уурхайн талбарт авчрах, бараа бүтээгдэхүүн татан авахад асуудал тулгарсан зэргээс үүдэн бүтээн байгуулалтын явц саарсан гэж буй юм. Агааржуулалтын урд болон хойд амын тусгай төхөөрөмжүүдийг ашиглалтад хүлээн авах болон эдгээр амын нэвтрэлт, малталтыг эхлүүлэх мэргэжилтнүүд уурхайн талбарт ирэх хүртэл тухайн амнуудад засвар үйлчилгээ, арчилгааны ажлууд түр хийхээр болсон. Түүнчлэн гүний уурхайн материал зөөвөрлөх чухал дэд бүтцийн ажлууд тэр дундаа нэгдүгээр анхдагч бутлуурын барилгын ажил удааширч, зөвхөн өдрийн ээлжийнхэн ажил гүйцэтгэж байгаа.

Шинээр ашиглалтад оруулсан троссны ердийн суналт нь Үйлдвэрлэлийн амны өргүүрийн бүтээмжид нөлөөлж болно. “Оюу толгой”-н уурхайд ирэх ёстой гадаад мэргэжилтнүүд коронавируснээс болж хязгаарлалтад орсон нь гүний уурхайн өргөтгөл малталтыг 30 хувиар удаашрахад хүргэж буй аж. Мэргэжлийн ажилтнууд уурхайн талбарт ирж тохиргооны ажлыг хийх хүртэл өргүүрийг ашиглах хугацааг уртасгах зорилгоор өргүүрийн даац болон хурдыг сааруулсан. Уурхайн удирдлагууд нөхцөл байдал хяналтад байна гэж үзэж буй ч шаардлагатай байгаа мэргэжилтнүүд хоёрдугаар улирлын эцэс гэхэд уурхайд ирэх боломжгүй болбол энэ нь төслийн бүтээн байгуулалтын ажилд нөлөөлнө. Үйлчилгээний өргүүрээр хүн болон материал тээвэрлэх ажил хэвийн үргэлжилж байна. Уурхайн шинэчилсэн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгаж, хоёрдугаар хагаст зардал, хуваарийн Нарийвчилсан үнэлгээг гаргах төсөөлөлтэйгөөр ажиллаж байна. Үүнд олборлолтын эхний панел буюу “Панел 0”-ийн шинэчилсэн зураг төсөл дээр суурилж гаргах гүний уурхайн төслийн капитал зардал болон хуваарийн тооцоолол багтана гэсэн мэдээллийг өглөө.

“Оюу толгой” компанийн үйлдвэрлэлийн үзүүлэлтийн тухайд хүдрийн агуулга буурсан тул ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэс 2019 оны мөн улирлынхаас 23 хувиар буурчээ. Ангилан дараалалд оруулах болон бага агууламжтай овоолготой холих зэрэг ажиллагааны улмаас өмнөх оны мөн үеэс хүдэр дахь зэсийн дундаж агуулга 26 хувиар багассан аж. Коронавируснээс  үүдэлтэй хязгаарлалтын оргил үед Хятад дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан тул хэрэглэгчид агуулахаас бүтээгдэхүүн татах явц удааширсан болон хил дээрх таталт буурсан нь нэгдүгээр улирлын борлуулалтад нөлөөлжээ. Компанийн зүгээс өгч буй мэдээлэлд “КОВИД 19" буюу дэлхийг хамарсан цар тахлаас үүдэлтэйгээр 2020 оны нэгдүгээр улиралд тодорхой сорилтуудтай тулгарлаа. "КОВИД 19"-ийн улмаас нөхцөл байдал нэгдүгээр сард хүндэрч эхэлснээс хойш бид ажилтнууд, ханган нийлүүлэгчид болон орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг үргэлжлүүлэн эн тэргүүнд тавин ажиллаж байна.

Иймд бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглахын зэрэгцээ уурхайн цогцолбор болон Улаанбаатар хот дахь оффисуудад шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Бидний хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс, Өмнөговь болон Ханбогд сумын орон нутгийн удирдлагуудын гаргасан заавар, шийдвэрүүдтэй бүрэн нийцсэн бөгөөд тэдгээрийг чанд мөрдөж байна.

Сорилтын хажуугаар ажилтнууд, уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутгийн иргэдээ хамгаалахын зэрэгцээ бид бизнесийн үйл ажиллагаагаа таслахгүйн тулд чармайн ажиллаж байна. Хэдий тийм ч хил хаасан, бараа бүтээгдэхүүн, ажиллах хүчээ татахтай холбоотой хязгаарлалтууд байгаа нь гүний уурхайн бүтээн байгуулалт болон зэсийн баяжмалын тээврийг оролцуулан компанийн ерөнхий үйл ажиллагаанд нөлөөлж байгаа. Коронавируснээс үүдэлтэй ид хязгаарлалтын үед Хятад улс дахь бизнесүүдийн үйл ажиллагаа хумигдсан нь нэг болон хоёрдугаар сарын борлуулалтад нөлөөлсөн ч гуравдугаар сард худалдан авагч талаас бүтээгдэхүүнээ эрчимтэй татаж, улирлын эцэст төлөвлөгөөгөө давуулсан борлуулалт хийлээ. Энэ цаг үед баяжмалын тээвэрлэлтэд бэрхшээл тулгарч байгаа хэдий ч цаашид борлуулалтад учирч болзошгүй нөлөөллийг бууруулахаар Монголын болон Хятадын засгийн газруудтай хамтран ажиллаж байна” гэжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 10102-оор нэмэгджээ 2020-05-05

Жолооны, хэлний, үсчин гоо сайхны зэрэг мэргэжлийн түр сургалтын төвүүдийг АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ хийсний дараа нээнэ 2020-05-05

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг уншиж танилцууллаа 2020-05-05

Хуурамч шатахуунд ордог бодист татвар ногдуулах төслийг дэмжсэнгүй 2020-05-05

Өдөртөө 16-18 хэм дулаан байна 2020-05-06

Коронавируснээс болж гүний уурхайн зардал ДАХИН НЭМЭГДЭХ магадлалтай 2020-05-06

Залуу нас гялалзах ёстой 2020-05-06

Засгийн газар ХЭМНЭЛТТЭЙ байх ёстой, ХҮНД ЦАГ ҮЕ ирж байна 2020-05-06

УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана 2020-05-06

ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ 2020-05-06

Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоох 63.9 км ЗАМЫН ЗУРАГЛАЛ 2020-05-06