У.Хүрэлсүх: Вакцин гартал сэтгэл амар байж болохгүй

Дадлага сургуулийн үеэр цар тахлын үед төөрсөн хүмүүст сануулга дохио өгөх, анхааруулах автомат удирдлагатай дроныг нисгэв. Уг дроныг цар тахлын үед ариутгал халдваргүйжүүлэлт хийх зориулалтаар ашиглаж болох юм байна. Нэг удаа 10 минутын хугацаатай нисгээд, 1га талбайг ариутгах юм байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхий дахинд 3 сая хүн короновирусний халдвар авсан. Харин Монгол Улс бол вирусын халдварыг дотооддоо тараагаагүй цөөхөн улсын нэг болоод байна. Гамшигаас хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах хэрэгтэй. Өнөөдөр би дадлага сургуультай явж танилцлаа. Улсын хэмжээнд бэлэн байдлыг бүрдүүлж чадсан гэж харагдаж байна.
Вакцин гарч байж бидний санаа амарна. Тэгэхээр доод тал нь нэг жилийн дараа сэтгэл амар байж болно. Тиймээс ард иргэд өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар арга хэмжээ авахыг ойлгож мэдэх хэрэгтэй.
Цаашид дадлага сургуулийг Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, нийслэл хотод шат дараатай хийнэ. Дахин дахин хийгээд байхаар иргэд сэтгэл санааны хувь ч бэлэн болно” гэсэн юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдөр Дэлхийн 215 улс, бүс нутагт COVID-19 халдвар гараад буйг та бүхэн мэднэ. Манай улсад 41 зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ коронавирусийн асуудлыг дайн гэж ойлгох ёстой хэмээх зөвлөмжийг өгч байгаа. Иймээс дайнд бэлтгэл сайн байвал ялах боломж бүрдэнэ.
Тэр утгаараа тулааны бэлэн байдлаа хангаж, хамгаалах бус довтлох үйл ажиллагаанд орох цаг болсон.
Өнөөдрийн дадлага сургуулилалт нь хүн амын дунд халдвар тархсан тохиолдолд Эрүүл мэндийн яам бэлтгэлээ хэр хангасан, салбар хоорондын уялдаа бэлэн байдлаа хэрхэн хадгалсан болон хаана нь цоорхой гарч байгааг судалж, шаардлагатай дутуу арга хэмжээгээ авах зорилготой. Энд авч ирсэн тоног төхөөрөмж нь манай эмнэлгүүдийн тоног төхөөрөмж.
Хэмжээгээрээ манай улсад хамгийн том эмнэлэг нь 41 мянган метр квадрат Эх хүүдийн үндэсний төвийн эмнэлэг байдаг. Үүний дараа орох 34.2 мянган метр квадрат энэ эмнэлгийг КОВИД-19-ийн үед ард иргэддээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор бэлтгэж байна.
Бид Дэлхийн банк, АХБ, Засгийн газрын нөөц хөрөнгөөр эрчимт эмчилгээнийхээ орыг 415-аар нэмэгдүүлэх боломжтой болсон. Үүгээр зогсохгүй иж бүрэн эрчимт эмчилгээний цогц орыг бүрдүүлэх явдал.
Хэдий 300 ор гэж буй боловч шаардлага гарвал бид 1,500 иж бүрэн эрчимт эмчилгээний орыг дэлгэх хүчин чадалтай гэхэд болно.
Мөн халдвар гарсан үеийн тохиолдол шиг цагийн байдлаа үнэлэн сургуулилалтаа хийсэн ба эмч нараа найман цаг ажиллуулахаар тооцож бэлтгэсэн. Хамгаалах хэрэгсэл өмсөөд найман цаг байна гэдэг нь их ядрах цаг хугацаа тул хувцсаа тайлахад нь хяналт тавих хүмүүс болон толийг байрлуулж өгсөн" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.