Замын цагдааг мөргөсөн ЖОЛООЧИД ХЭРЭГ ҮҮСГЭН шалгаж байна

Замын цагдааг мөргөсөн ЖОЛООЧИД ХЭРЭГ ҮҮСГЭН шалгаж байна

Сүүлийн үед хууль сахиулагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан гэх хэргүүд гарах болжээ.

Өмнө нь бүлэг этгээд хууль сахиулагчийн биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэргийн тухай бид мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр буюу тавдугаар сарын 12-ны оройн 19.28 минутын орчимд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг автомашинаар мөргөж биед нь гэмтэл учруулжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг 32-ын тойргийн уулзвар, зуслангийн замд тус дүүргийн замын цагдаагийн алба хаагчийг биет зохицуулалт хийж байхад Subaru-forester маркийн автомашинаар мөргөсөн байна. Хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба алба хаагчийн биеийн байдал хэвийн, эмнэлгийн дүгнэлт гарахыг хүлээж байна гэж албаныхан мэдээллээ.

Түүнчлэн өнгөрөгч амралтын өдөр мөн замын цагдаагийн алба хаагчийг автомашинаар чирч, биед нь гэмтэл учруулсан хэрэг хуулийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тавдугаар сарын 9-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байсан замын цагдаа Land cruiser-200 маркийн автомашиныг зогсоож, жолооч 37 настай Б гэгчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоожээ. Улмаар автомашинаас буух шаардлага тавихад жолооч эсэргүүцэж, машинаараа 100 метр газарт чирч, нүүрэн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан байна. Энэхүү хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ба албаны дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.

Хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг иргэн бүр биелүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв эсэргүүцсэн, амь биед халдсан, гэмтэл учруулсан бол өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн хариуцлага хүлээлгэдэг байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.