Гал сөнөөгчид 11 хүнийг галын аюулаас аварчээ
Улсын их дэлгүүр (УИД)-ын 6, 7 давхрыг хамарсан гарсан галыг унтраахаар Онцгой байдлын алба хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Яг одоогийн байдлаар гал 5 давхар руу шилжсэн нь гаднах байдлаас харагдаж байна.
Нийслэлийн онцгой байдлын албанд 16:48 цагийн орчимд УИД-т гал гарч байгаа тухай дуудлага ирсэн юм. Галын дуудлага өгснөөс хойш нэг цаг гаруй хугацаа өнгөрч байгаа ч галыг унтрааж амжаагүй байна. Зүүн хойд хэсгээр гал багассан ч зүүн урд болон урд талд галын нөхцөл байдал ширүүслээ.
Анх гурван ангийн алба хаагчид ажиллаж байсан ч нөхцөл байдал хүндэрсэн тул нэмэлт хүч авчирч, нийтдээ зургаан ангийн алба хаагчид нэгдлээ. Нийслэлийн Онцгой байдлын алба нийт 14 ангитай. Эдгээрийн зургаа нь одоогоор УИД-т гарсан галыг унтраахаар ийн ажиллаж байна. Мөн энэ хугацаанд Түргэн тусламжийн машин гурван удаа ирэв.
Эх сурвалжийн мэдээлснээр гал гарч эхэлсэн цагаас хойш Онцгой байдлын алба хаагчид нийт 11 хүнийг галын аюулд өртөх эрсдлээс хамгаалсан ба тэдний 2-3 хүн нь угаартсан байжээ. Угаартсан иргэдэд Түргэн тусламжийн ирж, тусламж үзүүлсэн байна.
Их дэлгүүрийн дээд давхарт хоолны газрууд байдаг тул газ дэлбэрэх аюултайг гал унтраах ангийн алба хаагчид анхааруулан, ойролцоох иргэдийг холдуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.