АНУ-ын муж улсуудын тэн хагас орчимд халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгджээ
АНУ-д хөл хорионы хязгаарлалтуудыг цуцалж, олон иргэн гадуур гарч, жагсаж байгаа үед муж улсуудын тэн хагас орчимд коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгджээ.
Гэсэн хэдий ч хөл хорио тогтоогоогүй бол нөхцөл байдал илүү хүнд байх байсныг нэгэн шинэ судалгаа харуулжээ. АНУ-д хөл хорио тогтоосноор дөрөвдүгээр сарын эхэн хүртэл 60 сая орчим хүнийг халдвар авахаас урьдчилан сэргийлсэн гэж Калифорнийн их сургуулийн судлаачид тооцоолжээ.
Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д дөрвөн сарын дотор 1.9 сая хүн халдвар авч, 110 мянга гаруй хүн нас барсан байна. Сүүлийн өдрүүдэд АНУ-ын 22 муж улсад халдварын тохиолдлын тоо өсөж буй хандлага ажиглагдсан бол 20 орчим мужид буурч, найман мужид тогтвортой байжээ.
Халдварын шинэ тохиолдлын тоо хамгийн олноор нэмэгдсэн муж улсуудын нэг нь Флорида бөгөөд тус мужид өнгөрсөн долоо хоногт шинэ тохиолдол өдөрт дунджаар 46 хувиар өссөн байна. Флоридагийн ихэнх хэсэгт хөл хориог сулруулах хоёрдугаар үе шат эхлээд байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, дэлхий даяар өнгөрсөн ням гарагт халдварын 136 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тэдгээр тохиолдлын 75 орчим хувь нь 10 оронд, дийлэнх нь Америк, Өмнөд Азид бүртгэгдсэн гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус даваа гарагт мэдэгджээ.
Жагсагчдын дунд халдвар тархах эрсдэл өндөр байна
Жагсагчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэж, цагдаа нарын гэм буруутай үйлдлийг зогсоохыг шаардан жагсаал цуглаан өрнүүлж байгаа бол эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг тэднээс хүсэж байна.
Шинэ коронавирусний халдвар ярих төдийгүй амьсгалах төдийд дамждаг бөгөөд халдвар тээгчид шинж тэмдэг илрээгүй байсан ч бусдадаа тараах эрсдэлтэй юм. Тиймээс эмч нар амны хаалт зүүж, бие биеэсээ зай барихыг жагсагчдад уриалж байгаа ажээ. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв жагсаал цуглааныг сайтар хянаж байгаа гэж ням гарагт мэдэгджээ.
Эргээс алслагдмал муж улсуудад халдварын тохиолдол нэмэгджээ
Цар тахал дэгдэж эхлэх үед эргийн дагуу оршдог том хотуудад халдвар хамгийн их тархаж байсан бол сүүлийн долоо хоногуудад Арканзас, Техас, Аризона зэрэг эргээс алслагдмал муж улсуудад халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдсэн байна.
“Ремдесивир”-ийн нөөц дуусаж байна
Коронавирусээр халдварласан өвчтөнүүдэд үр дүн үзүүлж буй цорын ганц эм болох “ремдесивир”-ийн одоогийн нөөц энэ сарын эцсээр дуусна гэж АНУ-ын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч, доктор Роберт Кадлек мэдээлжээ.
АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар “ремдесивир”-ийг яаралтай тусламжийн эмийн зориулалтаар ашиглахыг өнгөрсөн сард зөвшөөрсөн юм. “Эбола” вирусээр халдварласан хүмүүсийг эмчлэх зорилгоор гарган авсан уг эмийг “COVID-19”-өөр халдварласны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүст уулгаж байгаа ажээ.
“Ремдесивир” өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх хугацааг богиносгодог болохыг судлаачид тогтоосон юм. “Засгийн газар уг эмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх үүднээс “Gilead” компанид дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна” гэж Р.Кадлек мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.