Коронавирусээр халдварласан 87 хүн эдгээд байна

Коронавирусээр халдварласан 87 хүн эдгээд байна

Коронавирусээр халдварласан хоёр хүн өнөөдөр эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 

Тэдний нэг нь ОХУ-ын цэргийн сургуулийн, нөгөө нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн оюутан бөгөөд 25-27 хоног эмчлүүлжээ.

Ингэснээр манай улсад “COVID-19” халдварын 194 тохиолдол бүртгэгдсэнээс өнөөдрийн 11 цагийн байдлаар 87 хүн эдгэрчээ. ХӨСҮТ-д коронавирусний халдварын улмаас эмчлүүлж буй 107 хүний 91 нь хөнгөн, 16 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

Улсын хэмжээнд өчигдөр 358 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд, тандалтын зорилгоор цуглуулсан 12, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээ, Сидней-Улаанбаатарын онгоцоор энэ сарын 9-нд ирсэн 262 хүний шинжилгээний хариу багтжээ. Мөн нисэх бүрэлдэхүүний 12 хүнд шинжилгээ хийхэд халдваргүй гарчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.