Сонгуулийн хуулийн ОНЦЛОХ ЗААЛТУУД
УИХ-аас Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 13:45 минутад бүхэлд нь баталсан билээ.
Хуулийг батлах санал хураалтад УИХ-ын 51 гишүүн оролцож, 39 нь дэмжсэнээр хууль батлагдсан юм. Сонгуулийн шинэ хууль нь 1992, 2008, 2012 онуудад сонгууль явуулж байсан хувилбараар буюу 76 гишүүнийг олон мандаттай томсгосон тойргоос сонгох мажоритар тогтолцоотой байхаар тохирсон бөгөөд дүүрэг, аймаг бүр тойрог болох бол тухайн тойрогт хэдэн мандаттай байх вэ гэдгийг ирэх жилийн хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийднэ.
Сонгуулийн тухай хуульд орсон онцлох заалтуудыг танилцуулъя.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй: Уг заалтын хүрээнд нэр дэвших эрхгүй болсон эрхмүүдийн мэдээлэл тархаад эхэлсэн бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаяр, БОАЖ-ын сайд асан Л.Гансүх, ЭХ-ний сайд асан М.Сономпил, ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба, “60 тэрбум”-ын хэргээр шийтгүүлээд буй Ц.Сандуй, А.Ганбаатар нар дурдагдаж байна.
Нэр дэвшигчид 5-20 сая хүртэлх төгрөгийн хандив өгч болно: Өмнөх хуульд нэр дэвшигчид иргэн гурван сая төгрөг хүртэл, байгууллага 10 сая төгрөг хүртэл мөнгөн хандив өгдөг байсан бол энэ удаад иргэн таван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 20 сая төгрөг хүртэл хандив өгч болно.
"Царцаа" байхгүй болно: Өмнөх хуулиар сонгуулийн санал хураалтын өмнө 30 хоногоос доошгүй хугацаанд шилжилт хөдөлгөөнийг хориглодог байсан бол энэ удаад сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор тусгалаа.
Ирц хүрээгүй бол санал хураалтыг дахин явуулна: Хуулийн төслийн 80 дугаар зүйлд “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчийн тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна” хэмээн заасан.
Сонголтгүй сонголт хийх боломжгүй: Хуулийн төслийн 73 дугаар зүйлд “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасан. Мөн “цагаан сонголт” буюу аль нэг нэр дэвшигчийг дугуйлахгүй орхивол саналын хуудас хүчингүй болно.
Сурталчилгааны хоногийг 22 болгон нэмэгдүүлсэн:Нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа гурав хоногоор нэмэгдэж, 22 хоног болох юм.
Цахим орчинд бусдыг гүтгэх, доромжлохыг хориглоно: “Фэйсбүүк” компанийн зүгээс тухайн улсын дотоод хэрэгт үл оролцох, сонгуулийг нь хүндэтгэх зарчмаар ажиллах болжээ. Энэ дагуу ирэх 2020 оны ээлжит сонгуулийн үеэр нэргүй хаягаас санаатайгаар зохион байгуулж байгаа гүтгэлгийн чанартай мэдээлэлд хязгаарлалт хийнэ. Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс өөрийн нүүр хуудас болон албан ёсны хаягтай байх шаардлагатай.
Гадаадад амьдарч буй иргэдийн саналыг авахгүй: Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахтай холбоотойгоор гадаад улс оронд амьдарч байгаа сонгогчдын саналыг авахгүй. Өмнөх сонгуулиудад гадаад дахь монголчуудын 10 хүрэхгүй хувь нь саналаа өгдөг байжээ.
Намууд эвсэл байгуулж болно: Улс төрийн намууд нэгдэж эвсэл байгуулж болно. Гэхдээ намуудын олонх эвслээс гарсан бол эвсэл тарсанд тооцно. Өмнө нь нэг нам эвслээс гарсан тохиолдолд тарсанд тооцдог байв.
Иргэдийн регистрийн дугаарыг намуудад өгнө: Сонгогчдын нэрсийн жагсаалт, регистрийн дугаар улс төрийн намуудад нээлттэй байх заалтыг хуульд оруулж өгөв. Уг заалт нь өмнөх сонгуулиудад мөн үйлчилдэг байсан ба хувь хүний нууцтай холбоотой учир эмзэг асуудал юм.
Төрийн албан хаагч сонгуулийн жил эхлэхээс өмнө ажлаа өгнө:Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Үүнд төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар чөлөөлөгдөх шаардлагагүй.
Сонгуулийн маргааныг сонгуулийн жилдээ шийдвэрлэнэ: Сонгуулийн маргаанийг шийдвэрлэх асуудал өмнөх хуулиар тодорхойгүй байсан бол шинэ хуулиар зөрчил маргааныг шийдвэрлэх тухай нарийвчлан заажээ. Ингэснээр парламентын бүрэн эрхийн хугацаанд үргэлжилдэг байсан сонгуулийн маргааныг тухайн жилдээ багтааж шийдвэрлэнэ.
Сүүлийн нэг жил үйл ажиллагаа явуулсан сонин, сэтгүүлд сурталчилгааг нийтлүүлнэ: Төслийн 40 дүгээр зүйлд “Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх”, 42 дугаар зүйлд “Сонин, сэтгүүл нь сүүлийн 12 сарын турш тогтмол гарсан байх бөгөөд түүнд нийтлүүлэх сурталчилгааны төлбөр нь ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд баримталсан үнийн дунджаас хэтрэхгүй байна” гэсэн заалтууд оруулсан.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.