Монголын Олон улс судлалын холбоог байгуулав

Монголын Олон улс судлалын холбоог байгуулав

Монгол Улсын гадаад харилцааны салбарын туршлагатай эрдэмтэн, судлаач, дипломатууд Монголын Олон улс судлалын холбоо /МОУСХ/-г үүсгэн байгуулж, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр холбооны нээлтийг МУИС-ийн Номын санд зохион байгуулав.

Энэхүү холбоо үүсэн байгуулж буй гол зорилго нь олон улсын харилцаа, гадаад бодлого, орон судлалын чиглэлээр ажилладаг судлаач, мэргэжилтэн, сонирхогчдыг үндэсний хэмжээнд эгнээндээ нэгтгэж, тэдний онол, арга зүй, практик мэдлэгийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд туслах, хамтран ажиллахад чиглэгдэх юм байна.

Тус холбоо Олон улсын харилцаа, гадаад бодлого, аюулгүй байдал судлалын сүүлийн үеийн хандлага,  чиглэлийн талаар сургалт явуулах, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Монголын болон олон улсын судалгааны бусад төв, судлаачидтай хамтран ажиллахад туслалцаа үзүүлэх, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монголын болон гадаадын судлаачдын хооронд судалгааныхаа үр дүнг хуваалцах юм. Мөн мэдээлэл солилцох замаар үндэсний эрх ашгийг хөндсөн олон улсын харилцааны асуудлаар нэгдсэн ойлголцлыг бий болгоход туслалцаа үзүүлэх, судлаачид хамтран бүтээл туурвих, хэвлэн нийтлэхэд туслахад оршино. Үүнээс гадна олон улсын харилцааны чиглэлээр гарч байгаа бүтээлүүдээс жил бүр  “Оны шилдэг бүтээл”-ийг шалгаруулан урамшуулах, оны төгсгөлд Монголын эрх ашгийг хөндсөн томоохон асуудлаар үндэсний хэмжээний Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, илтгэлүүдийг “Холбооны оны цуврал”-д оруулан хэвлэх, судалгааны үр дүнгээ олон нийтэд ил тод мэдээлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах юм.

МОУСХ нь ашгийн төлөө бус, сайн дурын, гишүүнчлэлтэй,  гишүүддээ тэгш эрхтэй үйлчилдэг Төрийн бус байгууллага юм байна. Тус холбоо нь Олон улсын харилцаа, гадаад бодлогын чиглэлээр ажилладаг, судалгаа хийдэг, сонирхдог төр, олон нийтийн байгууллага, бие даасан судлаач, оюутан, аж ахуйн нэгж, ТББ-ыг сайн дурын үндсэн дээр элсүүлнэ.

Хөрөнгө, санхүүжилтын хувьд тус холбоо нь өөрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэр, хөрөнгөтэй байхаас гадна холбооны хөрөнгө, санхүү нь гишүүнчлэлийн татвар, бусад хандив, үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ. Холбооны үйл ажиллагаа, төсөв, санхүүжилт олон нийтэд ил тод, нээлттэй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.