БНАСАУ 12 сая ухуулах хуудас хэвлэжээ

БНАСАУ 12 сая ухуулах хуудас хэвлэжээ

Пёньян хотын хэвлэлийн газрууд, хэвлэх үйлдвэрүүд БНСУ-ын нутаг дэвсгэр рүү илгээх 12 сая ухуулах хуудас хэвлэсэн тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.

БНАСАУ-ын бусад хотын хэвлэх үйлдвэрүүд нэмж хэдэн сая ухуулах хуудас хэвлэхээр төлөвлөж байна гэж тус агентлагийн мэдээнд тэмдэглэсэн байна. Түүнчлэн суртал ухуулгын материалуудыг тараах тоног төхөөрөмжийг бэлтгэж дууссаныг мэдээлжээ. Тодруулбал, ухуулах хуудсуудыг тараахад 3000 гаруй агаарын бөмбөлөг ашиглах аж.

БНАСАУ-ын эрх баригчид хоёр улсын харилцаа муудсантай холбоотойгоор БНСУ руу илгээх суртал ухуулгын хуудсуудыг хэвлэх кампанит ажил эхлүүлсэн тухай KCNA агентлаг урьд нь мэдээлсэн байна. "Их, дээд сургуулийн оюутнууд Умард, Өмнөдийн хил орчмын бүс зохих журмын дагуу нээгдмэгц ухуулах хуудас тарааж эхлэхээр бэлтгэж байна" гэж уг мэдээнд онцлон тэмдэглэжээ.

Зургаадугаар сарын 16-нд БНАСАУ Кэсон хот дахь Солонгос хоорондын хамтарсан төлөөлөгчийн газрыг дэлбэлсэн бөгөөд Өмнөд Солонгосын идэвхтнүүд суртал ухуулгын хуудсууд тараасны хариуд хийсэн үйлдэл гэж мэдэгдсэн билээ. 

https://montsame.mn/mn/read/229125

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.