"Юнайтэд Эйрлайнс" Монгол Улсаас Япон Улсаар дамжин АНУ руу нислэг үйлдэнэ.

АНУ-ын "Юнайтэд Эйрлайнс" ХХК энэ оны тавдугаар сарын нэгнээс эхлэн Монгол Улсаас Япон Улсаар дамжин АНУ руу нислэг үйлдэнэ.
Үүнтэй холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, “Юнайтэд Эйрлайнс” ХХК хооронд Зорчигчийн аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэх гэрээг өчигдөр байгуулжээ. Тус гэрээ нь олон улсын эрх зүйн хэм хэмжээ, АНУ-ын агаарын тээврийн стандартыг хангахын сацуу нэмэлт үйлчилгээнүүдийг тусгагдсанаараа онцлогтойг Иргэний нисэхийн үндэсний төв мэдээллээ.
"Юнайтэд Эйрлайнс" компани 2025 онд найман чиглэлд нэмж нислэг үйлдэх болсноо зарлаж, үүнд нь Монгол Улс багтсан юм.
Манай улсын агаарын тээврийн нислэгийн зуны улирлын хуваарийн дагуу АНУ-ын “Юнайтед Эйрлайнс” компани долоо хоногт гурван удаа, БНХАУ-ын “Спринг Эйр”, “Хайнань Эйрлайнс, “Чайна Юнайтед Эйрлайнс”, “Жюнияао Эйрлайнс”, Вьетнамын “Вйетжет” компани нислэг үйлдэнэ. Вьетнамын Хо Ши Мин, Хятадын Ордос болон MИAT агаарын тээвэрлэгч нь Бээжин Дашин чиглэлд шинээр нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
MИAT компани Ховд, Хөвсгөл, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг чиглэлд 764 удаагийн нислэг, харин ОХУ, БНХАУ, БНСУ, Вьетнам зэрэг таван орны 17 агаарын тээвэрлэгч компанийн онгоц 22 чиглэлд 10116 нислэг үйлдэх аж.
Зам, тээврийн сайдын 2023 оны тушаалаар Монгол Улс, АНУ-ын Засгийн газар агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийг байгуулсан. АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас Нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалт (IASA) шалгалтын бэлэн байдалд техникийн үнэлгээ хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай 2024 онд гэрээ байгуулсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.