Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг таван дуурийн дуучны нэг болжээ

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг таван дуурийн дуучны нэг болжээ

Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дуурийн урлагийн дэлхийн шилдгүүдийг тодруулдаг “Opera World” цахим хуудсын жагсаалтын дөрөвт жагсжээ.

Түүний өмнө ОХУ болон Германы дуурийн дуучид эрэмбэлэгдэв. Тэрбээр олон улсын дуурийн урлагийг шимтэн сонсогчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртэж, дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тайзнаа авьяас чадвараараа гайхуулж, шилдгийн шилдэг гэдгээ дахин нотолсон байна.

Э.Амартүвшин энэ жилийн “Арена Ди Верона” фестивалийн 102 дахь  улирлын тоглолтод оролцох бөгөөд “Набукко” дууриар нээлтээ хийх  юм байна. Түүний хувьд энэхүү фестивалийн хүрээнд “Набукко”-д долоо, “Реголитто”-д хоёр, “Аида”-д тав, “Травиата”-д гурван удаа дуулах ажээ. 2011 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин болж байсан Э.Амартүвшин үүнээс 11 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртсэн юм.

2009 оноос сонгодог урлагт хүчин зүтгэж яваа тэрбээр 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV уралдаан II байр,  мөн үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Мөн 2012 онд алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн дуучдын уралдаанд түрүүлж, 2013 онд Франциско Винасын нэрэмжит уралдааны дэд байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучны тусгай шагнал, 2015 онд “BBC Cardiff Singer of the World”-ын үзэгчдийн нэрэмжит шагнал, 2016 онд “Seoul International Music Competition” уралдаанд III байрыг эзэлж байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.