Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ

Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэрээ УИХ-д танилцууллаа. Ерөнхий сайд,

Эрхэм УИХ-ын гишүүд ээ, 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох шийдвэр гаргаж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн. Улмаар энэ асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан ёсоор танилцуулсан. Мөн УИХ-д танилцуулахаар 2025 оны аравдугаар сарын 1-ний өдрийн Засгийн газрын 1/111 тоот албан бичгийг хүргүүлснээс хойш өнөөдөр 24 хонож байна. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу Лхагвын Мөнхбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх болон Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг УИХ-д үүгээр танилцуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох Баттөмөрийн Энхбаярын дэлгэрэнгүй намтрыг УИХ-д хүргүүлсэн албан бичгийн хавсралтаар хүргүүлсэн болно. 

Баттөмөрийн Энхбаяр нь улсад нийт 27 жил ажилласан бөгөөд 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, 2023-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажилласан. 

Эрхэм гишүүд ээ, 

Баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, учирсан хохирлыг арилгаж, гэм буруутанд хуулийн хүрээнд хариуцлага тооцож, далд эдийн засгийг бууруулах нь Монгол Улсын эдийн засаг, ард түмний нийтлэг эрх ашиг юм.

Тиймээс далд эдийн засгийг бууруулах, баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тэмцэхэд хууль, эрх зүйн салбарын тогтолцоо, бодлогын өөрчлөлт, шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү шийдвэрийг гаргаж байна. 

Баттөмөрийн Энхбаяр нь хууль, эрх зүйн салбарт 20 гаруй жилийн туршлагатай, шилдэг, мэргэжлийн боловсон хүчин бөгөөд эр зоригтой, ард иргэдийн итгэлийг даах улс төрч гэж үзэж байна. 

Өнгөрсөн өдрүүдийн хий хоосон улстөржилт нь улс орон, ард түмэн, төр алба, хувийн хэвшлийн хэвийн үйл ажиллагаанд тодорхой бус байдлыг бий болгож, өвөлжилтийн бэлтгэл, бензин шатахуун, цалин хөлс зэрэг цаг үеийн шинжтэй нийгэм, эдийн засгийн хойшлуулшгүй, нэн яаралтай шийдвэрлэх олон асуудал байна.

Ард түмэн “Улс төр биш ажлаа хий, асуудлаа шийд” гэж Та биднээс шаардаж байгааг төрийн эрх барих дээд байгууллага УИХ хүндэтгэн үзнэ гэдэгт итгэж байна. Иймд Баттөмөрийн Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудалтай УИХ танилцаж, Засгийн газрын гишүүний тангараг өргөх боломжоор хангаж өгөхийг хүсье.

Эрхэм гишүүд ээ, 

Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ. 

Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг 2026 оны төсвийн төсөлтэй хамт УИХ-д өргөн мэдүүлсэн болно. Уг тогтоолын төсөл УИХ-аар батлагдсанаар эмч, багш нарын цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг шаардлагатай түвшинд хүртэл нэмэгдүүлэх, мөн бусад тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх нөхцөл боломжийг нээнэ. 

Ард түмний баялгийг хулгайлсан аливаа үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэж, нууж хаасан үнэнийг илчлэн дэлгэж, ард түмний хатуу хараа хяналтыг тогтоон дархлахын төлөө Засгийн газар улам эрчтэй ажиллах болно.

Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан Онцгой бүрэн эрхээ эдэлж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиг үүргээ биелүүлэхэд нийт ард түмэн болон УИХ дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

Баялагтаа эзэн Монголын төлөөх тэмцэл үргэлжилж байна.

Монгол Улсад хулгай худал биш хууль, үнэн ялах болтугай!

Анхаарал хандуулсанд баярлалаа гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.