Монголын компаниуд БНХАУ-аас 10 дугаар сард бензин авахаар захиалжээ.
Монголын компаниуд БНХАУ-аас 10 дугаар сард 6900 тн, нэмэлтээр 7600 тн, нийт 15500 тонн АИ-92 авто бензин авахаар захиалжээ.
Үүний 2000 тонныг үйлдвэрлэн ачихад бэлэн болгож, экспортын квот, төмөр замын хуваарь гармагц ирэх долоо хоногт ачуулж эхлэхийг АҮЭБЯ мэдээлэв.
Үлдсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, 11 дүгээр сард нийлүүлэхээ АҮЭБЯ, АМГТГ, шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл БНХАУ-ын Бээжин хотноо “Петрочайна интернэшнл” компанийн дэд ерөнхийлөгч Wang Xin тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзах үеэр илэрхийлсэн байна.
БНХАУ-ын талаас Монголын хэрэглээ, захиалгын дагуу шатахуун нийлүүлэх боломжтой ч төмөр замын тээвэр, шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадал нөлөөлж байгаа аж. Иймд тээвэртэй холбоотой асуудлыг хоёр тал хамтран, Засгийн газрын түвшинд нэг мөр шийдэхэд Монголын тал арга хэмжээ авахыг хүсжээ.
Монголын талаас “Петрочайна интернэшнл” компаниас худалдан авах шатахууны нэр төрөл, тоо хэмжээг нэмэх, эхний ээлжинд 10 дугаар сард захиалсан АИ-92 авто бензиний үйлдвэрлэл, ачилт тээврийг шуурхай зохион байгуулахад анхаарч, хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх, сар бүр нийлүүлэх шатахууны нэр төрөл, тоо хэмжээг тохирох, үнэ тооцох нэгдсэн томьёололтой болох, урт хугацааны гэрээ байгуулах санал тавьсан байна.
БНХАУ-ын талаас “Петрочайна интернэшнл” ХХК нь Монголын аж ахуйн нэгжүүдтэй урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн. Манай хоёр улс найрсаг харилцаатай хөрш орнууд тул Монголын зах зээл бидний хувьд чухал байр суурь эзэлдэг гэдгийг тодотгожээ.

Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.