“COVID-19” халдвартай 179 хүн эдгэрээд байна

Коронавирусээр халдварласан хоёр хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
Тус төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, эдгэрсэн хоёр иргэний нэг нь тавдугаар сарын 28-нд ОХУ-аас ирсэн оюутан 36 хоног эмчлүүлсэн бол нөгөө нь ачааны машины орос жолооч 19 хоног эмчлүүлсэн гэдгийг хэллээ.
Өнөөдрийн байдлаар, манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 220 бүртгэгдсэнээс 179 хүн эдгэрчээ. Одоо ХӨСҮТ-д 41 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн 35, хүндэвтэр оноштой 6 хүн байна.
Улсын хэмжээнд өчигдөр дөрвөн лабораторид нийт 194 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Үүнд, АНУ-аас ирсэн 25 хүн, эдгэрээд сувилалд тусгаарлагдаж байгаа хүмүүс, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа нэг, Сэлэнгэд байгаа тав, Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр, тандалтын зорилгоор авсан гурав, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 24 тээврийн жолооч, Замын-Үүдэд хийсэн 108 шинжилгээний хариу багтжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.