АНУ-д өнгөрсөн 6 сард ажилгүйдлийн түвшин 11,1 хувьд хүрч буурчээ
Өнгөрсөн сард АНУ д ажилгүйдлийн түвшин 2,2 хувиар буурч 11,1 хувьд хүрсэн талаар тус улсын хөдөлмөрийн яамнаас мэдээллээ. Гэвч Америкийн бизнес эрхлэгчид, эдийн засгийн шинжээч мэргэжилтнүүд энэ статистик үзүүлэлтэд тайвширч болохгүйг анхааруулж байна.
Өчигдөр Америкийн хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр хөдөө аж ахуйн бус салбарт өнгөрсөн сард 4,8 сая ажлын байр шинээр бий болжээ. Энэ нь статистик мэдээллийг нэгтгэж эхэлсэн 1939 оноос хойших хамгийн өндөр хувиар ажлын байр нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм байна. Өнгөрсөн 4 дүгээр сард ажилгүйдлийн түвшин 14,7 хувьд хүрч огцом өсчээ. Харин 5 сараас эхлэн 2 сар дараалж буураад байна. Гэвч шинэ коронавирусний халдвар хүн амын дунд ихээр тархаж байгаагаас болж бизнес эрхлэгчид болгоомжилсон хэвээр байна. Өнгөрсөн 4 сараас цар тахлын улмаас ажилчдаа ихээр цомхтгосон Лас Вегасийн "Blind Pig" рестораны эзэн л гэхэд албаныхны статистик мэдээлэлд нэг их баярлахгүй байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр, "Аялал жуулчлалын салбарт лав ажлын байр нэмэгдээгүй гэж би бодож байна. Үйлчилгээний салбар одоог хүртэл ихээхэн хохирол амссаар байна. Энэ салбарт өшөө олон хүн цомхтголд орохоор байгаа. Ганц манай зоогийн газар, эсвэл Лас Вегас гэлтгүй улс даяар л хүндхэн байна" хэмээн ярьжээ.
Мөн Хөдөлмөрийн зах зээлийн шинжээч Жулия Поллак, "Хямралаас өмнө ажилгүйчүүдийн тооноос ч их ажлын санал байдаг байсан. Гэвч одоо ажилгүйчүүдийн эгнээнд сая саяараа нэгдэж байна. ажилтай болно гэдэг улам л хэцүү болоод байна. Тиймээс хүмүүс тэр чигтээ ажиллах хүчний эгнээнээс бүрмөсөн гарч мэдэх эрсдэл бий болчхоод байна. Энэ нь үлдсэн амьдралаа тэтгэмж аваад суухыг илүүд үзэгчид их болно л гэсэн үг. Тиймээс нааштай статистикт тайтгарч суухын оронд хямралын эсрэг арга хэмжээг шуурхай авахад анхаарах хэрэгтэй" гэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.