Японы эрх баригч нам цар тахлын улмаас их хурлаа цуцалжээ

Японы эрх баригч нам цар тахлын улмаас их хурлаа цуцалжээ

Японы эрх баригч Либерал-Ардчилсан нам шинэ коронавирусээр халдварлах эрсдэл хэвээр байгаатай холбогдуулан их хурлаа цуцлах шийдвэр гаргалаа гэж тус намын удирдлага дахь эх сурвалж Кyodo агентлагт мэдээлжээ.

Их хурлыг цуцлахтай холбоотой албан ёсны шийдвэрийг Либерал-Ардчилсан намын Удирдах зөвлөлөөс удахгүй гаргах аж. Намын дүрмийн дагуу их хурлыг жилд нэг удаа заавал зохион байгуулах ёстой бөгөөд түүнийг цуцлах нь урьд өмнө болж байгаагүй үйл явдал болох юм.

Японы эрх баригч намын их хурал гуравдугаар сарын 8-нд болох ёстой байсан боловч коронавирусний халдвар тархсаны улмаас хойшлуулжээ. Харин оронд нь эрх баригч намаас парламентад сонгогдсон гишүүдийн нэгдсэн хуралдаан болж, 2020 оны үйл ажиллагааныхаа чиглэлийг баталсан байна. Намын их хурлыг есдүгээр сард явуулахаар товлосон боловч сүүлийн үед Токио хотод коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж эхэлсэн учир цуцлахаар шийджээ.  

Вирус тархсанаас хойш Японд халдвар авсан нийт хүний тоо 20700 давж, 990 гаруй хүн нас барсан бол 17700 орчим өвчтөн эдгэрчээ. Одоогийн байдлаар эрчимт эмчилгээний тасгуудад эмчлүүлж буй 35 хүний биеийн байдал хүнд байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.