АНУ-ын муж улсуудад ойн түймэр дэгдсэнтэй холбогдуулан аюулын “улаан” түгшүүр зарлажээ

АНУ-ын муж улсуудад ойн түймэр дэгдсэнтэй холбогдуулан аюулын “улаан” түгшүүр зарлажээ

Сүүлийн өдрүүдэд АНУ-ын баруун болон хойд нутгийн муж улсуудад агаар хуурайшиж, хэт халсны улмаас ойн түймэр дэгджээ.

“Одоогийн байдлаар АНУ-ын Калифорни муж улсаас Миннесота муж улс хүртэлх газар нутагт 50 орчим ойн түймэр асаж байна” гэж “ABC News” суваг мэдээлсэн байна. Лос-Анжелес хотын ойролцоо 450 орчим га газар түймэрт автаж, хэдэн зуун байшингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрчээ. Сан-Франциско хотын бүсэд 400 орчим га ойд түймэр асаж байгаа аж.

Хэт халуун, ган гачиг болон цагт 60 км-ийн хурдтай хүчтэй салхи байдлыг хүндрүүлж байгаа аж. Калифорни муж улсаас гадна, Орегон, Невада, Аризона, Юта, Колорадо, Вайоминг муж улсад байдал хүндэрсэн байна. Эдгээр долоон муж улсад аюулын “улаан” түгшүүр зарлажээ.

Муж улсуудын эрх баригчдынх нь мэдээлж буйгаар, түймрийн улмаас доод тал нь 20 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Түймрийг унтраахад гал түймэр, аврах албаны томоохон хүчийг дайчилж байгаагаас гадна, тусгай нисдэг тэргүүд оролцож байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.