Үерийн далан суваг хаасан ААН-үүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгов

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, нийслэлд 2-3 өдөр орсон борооны улмаас эвдэрсэн замуудын шалтгаан нөхцлийг тогтоож, зөрчил гаргагчдад хариуцлага тооцохыг нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Үүний дагуу нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газрын удирдлага ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг өчигдөх газар дээр нь ажиллан холбогдох байгууллага, ААН-үүдээр хамтарсан засвар үйлчилгээг эхлүүллээ.
Улаанбаатар хот орчимд усны түвшин 10 см нэмэгдэж, олон жилийн дунджаас давсан байдалтай байна. Усархаг борооны улмаас нийт 6 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж нурж эвдэрчээ. Иймд эхлээд үерийн далан сувгийг чөлөөлөх ажлыг эхлэв.
Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ажлын хэсэгт эвдэрсэн замуудыг нэг бүрчлэн гаргаж, шалтгаан нөхцөлийг тодорхойлон хуулийн хэлтэст өгөхийг даалгаад байна. Тэрээр мөн нөхцөл байдалтай газар дээр нвь танилцах үеэр хэлэхдээ, "Хуулийн хэлтэс хаана, ямар хууль зөрчигдөж, далан суваг бөглөж байгааг ол. Хууль зөрчиж, далан суваг бөглөсөн ААН-үүдэд хариуцлага тооц. Далан суваг хааж буугаад байгаа, инженерийн байгууламжийг битүүлж буугаад байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэ" гэсэн үүрэг даалгаврыг дүүргийн удирдлагуудад өгөөд байна.
Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж ажиллахыг холбогдох албаныханд даалгав.
Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо Чингүнжавын гудамжны авто замын эвдрэл гэмтэл болон Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо "Хүчит шонхор" захын хойд хэсгийн үерийн далангийн нөхцөл байдлыг газар дээр нь ажиллан шалгаж, холбогдох албан тушаалтнуудад үерийн даланг яаралтай сэргээн завсарлах үүрэг чиглэлийг өглөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.