Урд хөрштэй хиллэдэг боомтуудаар хоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэвтрүүлнэ

Урд хөрштэй хиллэдэг боомтуудаар хоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэвтрүүлнэ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2020.01.31/ БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хаах тухай шийдвэр гаргалаа. 

Коронавирусийн дэгдэлт улам бүр нэмэгдэж байгаа учраас БНХАУ-тай хиллэдэг бүх боомтуудыг хаах нь зөв гэж үзсэн байна. 
 

Тодруулбал,
 

  • Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар (Агаарын, төмөр замын, авто замын) хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй.
     
  • Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох шийдвэр гаргалаа. 
     

Шийдвэртэй холбоотойгоор
 

  • Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэвтрүүлнэ. 
     
  • Гуравдугаар сарын 2-ныг хүртэл "Буянт-Ухаа" болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй монгол иргэдийг нэвтрүүлнэ. 


Хилийн боомтуудыг хаах шийдвэрийн хүрээнд бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг хязгаарлахгүй гэдгийг Засгийн газар онцгойлон анхаарууллаа. Манай улсын эдийн засаг БНХАУ-аас ихээхэн хамааралтай.

Сануулахад, Монгол, Хятад хоёр улс 4670 гаруй км газар нутгаар хиллэдэг. Монгол Улс 2019 онд БНХАУ-тай 8.9 тэрбум ам.долларын худалдааг хийсэн. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.4 хувийг, нийт экспортын 89.1 хувийг эзэлсэн үзүүлэлт юм. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 44.4 хувийг чулуун нүүрс, 26.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байна. Эдгээр нь улсын төсвийн орлогод жин дарах нөлөөтэй ашигт малтмал. Монгол Улс 2019 импортолсон нийт бараа бүтээгдэхүүний 33.6 хувийг БНХАУ-аас авсан байгаа юм. Импортолсон барааны 13.8 хувь нь ачааны тэрэг, үлдсэн хувь нь олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүнүүд гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.