Эдгэрсэн ч хэдэн сарын дараа дахин халдвар авах магадлалтай

Эдгэрсэн ч хэдэн сарын дараа дахин халдвар авах магадлалтай

Дэлхийн бусад оронд коронавирусний халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл хүргэе.

Хойд хөрш ОХУ-д хоногт 6615 хүн шинээр халдвар авч, 130 хүн нас баржээ. ОХУ халдварын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж буй. Тус улсад нийт 727 мянга гаруй хүн халдвар авч, нас баралт 11 мянга давлаа. Буриад, Тува улс Чита муж зэрэг манай улстай хил залгаа орнуудад өвчлөл хоногт 37-44 хүнээр нэмэгджээ. Эдгээр муж улсад сүүлийн хэд хоногт халдвар ялимгүй буурах хандлага ажиглагдаж байгаа аж.

АНУ, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк зэрэг улсад халдвар ихээр бүртгэгджээ. АНУ-д хоногт 62900 гаруй шинэ тохиолдол, 906 нас баралт бүртгэгдэж, нийт 33 муж улс болон нутаг дэвсгэрт халдвар нэмэгдэж байна. Энэтхэгт хоногт 28600 гаруй халдварын тохиолдол бүртгэгджээ.

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад халдвар нэмэгдэж байна. Хоногт тогтмол 10 мянгаас дээш халдвар бүртгэгдэж байгаа бөгөөд эмнэлгийн ор болон хангамж дутагдалд оржээ. Математик загварчлалаар тус улсад оргил үе наймаас есдүгээр сард тохионо гэж судлаачид үзжээ.

Австралийн холбооны улсад хоногт 279 шинэ тохиолдол, нэг нас баралт нэмж бүртгэгдсэн бол Японд 409 шинэ тохиолдол илэрсний 206 нь нийслэл Токио хотод бүртгэгдсэн байна.

Өмнөд Солонгост хоногт 62 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсад халдвар гадаадаас зөөвөрлөгдөх тохиолдлууд нэмэгдэж байгаа тул хүмүүсийг нь шинжилгээний бичигтэйгээр хил нэвтрүүлэх жагсаалтад хэд хэдэн улсыг нэмж оруулсан байна.

Хятадын эх газарт дотоодод халдвар нэмж бүртгэгдээгүй ч гаднаас найман тохиолдол зөөвөрлөгдөж орж иржээ. Хонконгт хоногт 38 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Лондоны эрдэмтдийн судалгаагаар коронавирусний халдвар аваад эдгэрсний дараа өвчтөнд тогтсон дархлаа хэдхэн сарын дараа бууж, дахин халдвар авах магадлалтай нь тогтоогджээ.

Дархлаа энэхүү вирусний халдвараар хүндээр өвдсөн хүмүүст сайн тогтсон байсан аж.

ZINDAA.MN 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.