Ухань хотоос 32 монгол оюутнуудыг авчрах МИАТ-ын онгоц хөөрлөө

Ухань хотоос 32 монгол оюутнуудыг авчрах МИАТ-ын онгоц хөөрлөө

БНХАУ-ын Ухань хотноо сурч буй Монголын 32 оюутныг эх оронд нь авчрах "МИАТ" ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц 23.30 минутын орчимд Улаанбаатараас хөөрлөө.

Тусгай үүргийн онгоцыг "МИАТ" ТӨХК-ийн нисгэгч н.Баатарцогт даргалж буй бөгөөд нисэх багийнхан болон холбогдох албаны хүмүүс хамт явж байгаа юм.


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлсэн юм. БНХАУ-ын тал Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж авснаа өнөөдөр /2020.01.31/ мэдэгдэж, оюутнуудыг эх оронд нь авчрах боломжтой болсон юм.

Гадаад харилцааны яам дээрх 32 оюутныг шилжүүлэн авах асуудалд анхаарал хандуулж ажилласан ба “МИАТ” ТӨХК Үхань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ бүрэн хангаад байсан билээ.

Албан бус мэдээллээр, оюутнууд үүрийн 04.00 цагийн үед Монголд газардах бөгөөд нутагтаа ирсэн дариуд оюутнуудыг ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан, хяналтад байлгахаар төлөвлөөд байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.