Японд халдварын улмаас нас барсан хүний тоо 1000-д хүрчээ

Японд халдварын улмаас нас барсан хүний тоо 1000-д хүрчээ

Японд коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо даваа гарагт 1000-д хүрчээ. Нас барагсдын 90 гаруй хувийг 60 болон түүнээс дээш насны хүмүүс эзэлсэн байна.

Уг тоон үзүүлэлтэд өнгөрсөн хоёрдугаар сард Ёкохама хотын боомтод тусгаарласан “Diamond Princess” хөлөг онгоцон дээр халдвар авсны улмаас нас барсан 13 зорчигчийг оруулжээ. Тус улсад халдвараар нас барсан анхны тохиолдол хоёрдугаар сарын 13-нд бүртгэгджээ.

Японд халдварын улмаас нас барсан хүний тоо тавдугаар сарын эхээр оргил үедээ хүрснээс хойш буурч байсан боловч сүүлийн үед халдварын тохиолдол дахин нэмэгдэж эхэлсэн тул уг үзүүлэлт өсөж болзошгүйд олон нийт санаа зовниж байна.

Орон даяар тогтоосон онцгой байдлын дэглэмийг цуцалснаас хойш нэмэгдэж эхэлсэн халдварын шинэ тохиолдлуудын дийлэнх нь залуучууд байгаа нь халдварын шинж тэмдэггүй юм уу хөнгөн шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүд гэр бүлийн ахмад гишүүддээ болон бусад өндөр настай хүмүүст халдвар тарааж болзошгүй эрсдэлийг нэмэгдүүлж байгаа ажээ.

Япон даяар өнгөрсөн бямба гарагт халдварын 660 гаруй шинэ тохиолдол илэрсэн нь дөрөвдүгээр сарын 11-нээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Нийт 47 мужаас халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн Токиод даваа гарагт халдварын 168 тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 9400 давсан байна.

Японд даваа гаргийн байдлаар халдварын 25 мянга гаруй тохиолдол илэрчээ. Үүнд “Diamond Princess” хөлөг онгоцон дээр халдвар авсан 700 орчим хүнийг оруулаагүй байна. Тус улсад халдварын улмаас өдөрт нас барсан тохиолдол дөрөвдүгээр сарын эцэс хүртэл хурдацтай нэмэгдсэн бөгөөд тавдугаар сарын 2-нд 31 хүн нас барсан нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

“Халдвар авсан хүнд өвчтөнүүдийн нас барах эрсдэл өндөр байгаа тул бид сонор сэрэмжээ сулруулж болохгүй. Суурь өвчтэй хүмүүс анхаарал болгоомжтой байх хэрэгтэй” гэж “Айчи” анагаах ухааны их сургуулийн профессор Цүнэо Моришима мэдээлжээ.

"COVID-19" халдварын улмаас нас барсан хүний тоон үзүүлэлт сар тутам 200 гаруйгаар нэмэгдэж байсан боловч уг үзүүлэлт 950-д хүрсэн зургаадугаар сарын дунд үеэр нас барсан хүний тоо буурч, сар гаруйн хугацаанд 1000-д хүрсэн байна.

“Халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн өдрүүдэд ихээхэн нэмэгдсэн боловч залуучуудад халдварын хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа тул эмнэлгүүдийн ачаалал одоогоор дүүрээгүй байна” гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.

Японд халдвараар нас барсан хүмүүсийн 90 гаруй хувийг 60 болон түүнээс дээш насныхан эзэлсэн бөгөөд тодруулбал, 80-аас дээш насны 556 хүн, 70-аас дээш насны 268 хүн, 60-аас дээш насны 101 хүн нас барсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.