Дэлхийд ноёрхох цусгүй тулаан үргэлжилсээр.

Дэлхийд ноёрхох цусгүй тулаан үргэлжилсээр.

Европын жижиг, дунд бизнесүүд аюулын харанга дэлджээ. Коронавирусний цар тахал, эдийн засгийн уналтын улмаас хямралд орсон үйлдвэрүүд Европын Холбооны хилийн чанад дахь улс орнуудын, ялангуяа Хятадын хөрөнгө оруулагчдын хувьд хялбархан олз болж, харин Европын холбоо “шүдгүй бар” болж хоцрохоос эмээж байна.

Европын холбооны хэмжээний хориг

“Шүдгүй бар” гэсэн үгийг нэр нөлөө бүхий лоббичин Марио Охофен хэрэглэсэн. Тэрбээр Германы Дунд бизнесийн холбооны нэгдэл болон Европын жижиг, дунд бизнесийн нэгдсэн холбоог сүүлийн хорин жил тэргүүлж байгаа бизнесмен. Жижиг, дунд үйлдвэр болон тэдний ажилчдыг ялангуяа Хятадын сонирхогчдод хямд өртгөөр худалдагдахаас хамгаалахын тулд Европын холбоо яаралтай хориг тавих шаардлагатай байна гэж Берлин, Брюсселийн чихэнд хонх уясан. Нөлөө бүхий лоббичин Европын жижиг, дунд бизнесийн өрсөлдөх чадвар, тогтвортой байдал болон инновацын чадавхыг нь хадгалж үлдэхийн тулд Европын холбооны хэмжээнд Хятадын хөрөнгө оруулагчдад худалдагдахыг тодорхой хугацаанд хориглох хэрэгтэй гэж үзэж байна. Үйлдвэрлэл эрхлэх эрх, Европын холбооны нээлттэй зах зээл хэрхэх вэ? Охофены хэлснээр, Хятад улс шударга өрсөлдөөн, бүх оролцогчдын тэгш эрх, үүргийг хангаагүй цагт Европын холбоо “шүдгүй бар”-ын үүрэг гүйцэтгэсээр байх болно.

Германы бизнес Хятадын эсрэг

Сүүлийн жилүүдэд Европын холбоо, ялангуяа Герман улс Хятад улсыг барууны либерал зах зээлийн эдийн засгийг ашиглах замаар Коммунист намын хяналттай төрийн оролцоотой капитализмын загварыг бэхжүүлэхийг зорьж, хүч түрсэн дүрмээр тоглож байна гэж буруутгах болов. Өөрөөр хэлбэл Бээжин Герман болон ЕХ-ны бусад гишүүн орнуудад Хятадын компаниудын эдэлдэг тэр эрх, боломжийг  Хятадын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй Европын компаниудад олгохгүй, хасаж байна гэж үзжээ.

Берлин энэ уриалгыг хамгийн түрүүнд хүлээн авав. Өнгөрсөн тавдугаар сарын 20-нд Германы Засгийн газар эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг Германы компаниудыг ЕХ-ны гишүүн бус орнуудын хөрөнгө оруулагчид худалдан авах боломжийг хязгаарлах зорилгоор холбогдох ХБНГУ-ын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан нь үүний нэг тод жишээ. Үүнд вакцин, эм бэлдмэл болон тэдгээрийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, халдварт өвчинтэй тэмцэхэд хэрэглэдэг тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүний компани, үйлдвэрлэгчид хамаарч байгаа юм. Германы Засгийн газар үндэсний компанийнх нь хувьцааны 25-аас дээш хувийг худалдан авах гэрээг хянах, шаардлагатай тохиолдолд хориг тавих эрх эдэлж байсан бол үүнээс хойш тухайн компанийн хувьцааны 10 хувийн асуудал Засгийн газрын хараа хяналтад орохоор болжээ. Коронавирусний цар тахлаас үүдэлтэй өнөөгийн хямрал эмнэлэг, анагаах ухааны ноу хау, дотоодын үйлдвэрийн хүчин чадал ямар чухал болохыг Европын холбоонд анхааруулсан нь энэ.

Бээжин “Norwegian Air” компанийн бодлогод нөлөөлөх чадвартай

Зах зээлийн үнэлгээ нь унаад буй Европын болон Германы компаниудыг худалдан авах боломж Хятадын компаниудад бий юу. Өнгөрсөн тавдугаар сард агаарын тээврийн хямд үйлчилгээ эрхэлдэг “Norwegian Air” компанийн хувьцааны 12.67 хувийг Азийн томоохон агаарын тээврийн лизингийн үйлчилгээ эрхэлдэг “BOC Aviation” компани худалдан авсан тухай зарлаж байв. Харин эл компанийг “Bank of China” банк эзэмшдэг. Асуудал нь Хятадын банканд бус, харин энэ банк нь төрийн эзэмшилд байгаа юм. Бээжин томоохон хувьцаа эзэмшигчийн хувиар Европт дундад тооцогддог тус компанийн шийдвэрт нөлөөлөх боломжтой болжээ.

Герман дахь Хятадын төслийн тоо буурсаар

Гаднын компаниудад Германд хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлдэг “Germany Trade & Invest” засгийн газрын агентлагийн мэдээллээр, 2019 онд Хятадын компаниуд сүүлийн 10 жилд анх удаа топ гурван хөрөнгө оруулагчдын жагсаалтаас хасагджээ. 2018 онд Хятадын компаниуд нийт 17.8 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг ЕХ-нд хийсэн бол өнгөрсөн онд 12 тэрбум евро болж буурав. Үүний сацуу тус улсад хэрэгжиж буй Хятадын санхүүжилттэй төслийн тоо сүүлийн дөрвөн жил дараалан буурч байна. 2016 онд 300 орчим ийм төсөл хэрэгжиж байсан бол 2019 онд 154 болтлоо цөөрчээ. Тухайн үед Германы аж үйлдвэрийн робот үйлдвэрлэгч “Kuka” компани Хятадын талын хяналтад шилжсэн. Харин ихээхэн маргаан дэгдээсэн энэ гэрээ Хятадын хөрөнгө оруулалтад хандах Германы хандлагыг өөрчлөхөд нөлөөлсөн хэрэг. XXI зууны хамгийн ирээдүйтэй салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байсан компани Хятадын гарт орсон нь стратегийн технологийг ЕХ-ны хилийн чанадад худалдах дүрмийг чангатгахад хүргэж, үүний үр дүнд хэд хэдэн гэрээ хэлцлийг зогсоож байв.

Хятадын төслийн тоо хэмжээ буурсан нь тус улсын дотоодын нөхцөл байдалтай ч холбоотой. Цар тахал дэгдээд буй энэ нөхцөл байдалд тус улс гадаадад бус дотооддоо хөрөнгө оруулахыг илүү дэмжих бодлого баримталж буй нь илт.

Их Британи Хятадын эсрэг

Барууны ертөнц Хятадын хөрөнгө оруулалтаас болгоомжлох дохио Их Британи, Италид ч мөн дуулдаж, тэд протекционист арга хэмжээ ар араасаа авч эхэлжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын хөрөнгө оруулалтын “China Reform” компанийн салбар компани болох “Canyon Bridge” Британийн парламентын шахалт дор дэлхий дээрх бүх ухаалаг утасны гуравны нэгд ашиглагддаг график карт үйлдвэрлэгч “Imagination” компанийн төвийг Хятад улс руу нүүлгэх санаачилгаасаа ухарч байв. “Canyon Bridge” нь 2017 онд “Imagination” компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авч байжээ. Саяхан тус компани Британийн Засгийн газартай хүрсэн тохиролцооны дагуу төвөө нүүлгэхгүй байхаар шийдсэн тухай ч мэдэгдсэн юм.

Коронавирусний цар тахлыг үл харгалзан Хятадын компаниудын нөхцөл байдал муугүй байгаа. Гэсэн хэдий ч хямралын сөрөг үр дагавар, Хятадын тэлэлтээс болгоомжлох Европын айдас тэдний төлөвлөгөө нурахад хүргэж болзошгүй. Европын холбоо ч Европын бус компаниудын боломжийг хязгаарлах нэмэлт арга хэмжээ авна гэж мэдэгдсэнтэй зэрэгцэн Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб Хятадтай харилцах ажил хэрэгч харилцаа урьдын адил байхгүй гэсэн мэдэгдэл хийсэн. Мөн үүнтэй ижил хурц мэдэгдлийг Германы Канцлер Ангела Меркель хийгээд амжсан билээ. Эдийн засгийн шокийг ашиглан барууны стратегийн активыг худалдан авах аюулын талаар НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг анхааруулж байв. Энэ сэрэмжлүүлэг зөвхөн Европоор хязгаарлагдсангүй. Энэтхэг улс саяхан Хятадын компаниудыг хазаарлах хуулийн төслийн талаар мэдэгдээд байгаа юм.

Харин Хятадын компаниуд цар тахлаас үүдэлтэй хямралын өмнө өвдөг сөхөрсөн Европын зах зээлийн өнөөгийн байдлыг ашиглан шилдэг технологи худалдан авах боломж эрэлхийлсээр. Энэ бол Бээжингийн цоо шинэ амбиц биш. Гагцхүү урт удаан хугацаанд тээж ирсэн санаа бодлоо хэрэгжүүлэх боломж нь одоо бүрдээд байгаа юм. Хятадын технологийн тэлэлтээс эмээсэн Европ эдийн засгийн үнэтэй салбаруудаа хамгаалахад бэлэн гэдгээ ойлгуулахын тулд хүчин чармайж буй. Хятад улсын хиймэл оюун ухаанаас авахуулаад харилцаа холбооны шинэ үе болох 5G сүлжээ, мэдээллийн урсгал хүртэлх стратегийн технологийг худалдан авах хүсэл геополитикийн хурцадмал байдлыг улам бүр дэвэргэхэд хүргэж байна. Учир нь энэ салбар дахь давамгайлах байр сууриас ирэх олон арван жилийн дэлхийн эдийн засаг шалтгаалах юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.