Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх хуульд дараах иргэд хамаарна

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх хуульд дараах иргэд хамаарна

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт судалгаан газрын мэргэжилтэн Ө.Бодьгэрэлээс тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой дараах асуудлыг тодрууллаа.


-Тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой иргэдийн төөрөгдөл байна л даа. Ямар иргэд тэтгэврийн нэмэгдэлд давхар хамрагдаад байна вэ?

-Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шинээр баталсан “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн үйлчлэлд БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан тусгай дөрвөн төрлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамрагдаж, 2020 оны 01 дүгээр сараас тэтгэвэр нь сард 50.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ хуулийн үйлчлэлд хамрагдсан иргэд нь хоёрдугаар сарын 1-нээс нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд мөн хамрагдаж, тэтгэвэр нь нэмэгдсэн.

-Дөрвөн төрлийн хөнгөлөлттэй нөхцөл гэдэгт ямар нөхцөлүүд хамаарах вэ?

-1990 оны Тэтгэврийн тухай хуульд өндөр насны тэтгэвэр тогтоодог 12 орчим болзол, нөхцөл байснаас зөвхөн 4 төрлийн болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүмүүст энэ нэмэгдэл хамаарна. Үүнд:

  1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
  2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж 50 нас хүрэхээс буюу нас харгалзахгүй өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
  3. Нийтдээ 27-гоос доошгүй жил ажиллаж 55 нас хүрэхээс өмнө буюу нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
  4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй уг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа юм.

-Эдгээр иргэдэд нэмэгдлийг нэг удаа олгож байгаа юу, эсвэл цаашид сар болгон нэмэгдсэн дүнгээр тэтгэвэр авах юм уу?   

-Нэмэгдсэн хэмжээгээрээ цаашид сар бүр тэтгэврээ авна гэсэн үг. Жишээлбэл иргэн өмнө нь 350.0 мянган төгрөгийн тэтгэвэртэй байсан бол энэ хуулиар 50.0 мянган төгрөг нэмэгдэж, Засгийн газрын 2020 оны 24-р тогтоолоор дахин 30.0 мянган төгрөг нэмэгдсэнээр нийт 80.0 мянгаар нэмэгдэж, цаашид сар бүр авах тэтгэвэр нь 430.0 мянган төгрөг болно.

-Хуулийн үйлчлэлд хамрагдсан эсэхээ хэрхэн мэдэх вэ? Хэрвээ өөрийгөө тус хуулийн үйлчлэлд хамрагдах ёстой гэж бодож байгаа хүн байвал хаана хандах боломжтой вэ?

-Энэ хууль нь 2020 оноос эхлэн хэрэгжсэн учир 1 дүгээр сард олгох 50.0 мянган төгрөгийн нэмэгдлийг нэгдүгээр сарын 23-ны өдөр нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр тавьж олгодог харилцагч банкуудад шилжүүлсэн. Өөрийгөө энэ хуульд хамрагдах боломжтой гэж үзэж байвал тэтгэвэр авдаг харъяа Нийгмийн даатгалын хэлтэстээ хандаж тэтгэврийн хувийн хэрэг, бусад холбогдох баримтаа шалгуулж болно.

-Нийт иргэдийн тэтгэврийг ямар хэмжээгээр нэмэгдүүлсэн бэ?

-Тэтгэвэр авч байгаа 421.7 мянган иргэний тэтгэврийг 02 дугаар сарын 03-нд нэмэгдэлтэй нь бүрэн олголоо. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 40.0 мянгаар нэмэгдүүлж 350.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 30.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 300.0 мянган төгрөг, дундаж тэтгэврийг 409.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Мөн 500.0 мянгаас доош тэтгэвэртэй иргэдийн хувьд 30.0 мянга, 500.0 мянга ба түүнээс дээш бол 25.0 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Засгийн газраас тэтгэврийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр сүүлийн 3 жилд бүрэн тэтгэврийг 39.4, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 38.9, дундаж тэтгэврийг 31.5 хувиар тус тус нэмэгдүүлээд байна.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.