Зургаан саяар тариа авсан гэх бөхийн асуудлыг АТГ шалгахаар болжээ.
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны дэд тэргүүн Ц.Магалжав өнгөрсөн долоо хоногт АТГ-т хандаж, бөхчүүд допинг хэрэглэсэн гэх хоёр ч асуудлыг шалгуулах хүсэлт тавьсан. Тодруулбал, сүүлийн жилүүдэд Улсын баяр наадамд амжилттай барилдсан 38 бөхөөс допингийн зөрчил илэрсэн гэх асуудал, нэр бүхий улсын аварга цолтой бөх допингийн төрлийн бодис худалдан авч, нутгийн бөхчүүддээ худалддаг гэх мэдээлэл цацагдсаныг шалгуулахаар МҮБХ-ноос хандсан юм.
МҮБХ албан тоотдоо “Допингийн талаарх үнэн худал нь мэдэгдэх асуудлууд яригдаж байгаагийн нэг нь 2010 -2019 оны Улсын баяр наадмуудад шөвгөрч, үзүүрлэж, түрүүлж допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдээс 38 бөх нь зөрчил гаргасныг Биеийн тамир спортын газрын нэр бүхийн хоёр эмч Үндэсний их баяр наадмын Зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороонд орж ажиллах явцдаа нуун дарагдуулсан гэх ноцтой хэргийг АТГ шалгаж байгаа гэх мэдээлэл тархаад байгаа бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба нарын бөхчүүдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийж, дээрх 38 бөхийн талаарх мэдээллийг яаралтай авахаар 264 бөхийн гарын үсэг бүхий мэдэгдлийг МҮБХ-нд өгч хандаад байна. Мөн сүүлийн өдрүүдэд “Стар” телевизийн захирал Ш.Батбаяр болон продюсер Я.Учрал нар нэр нь үл мэдэгдэх залуучуудыг өөрсдийн нэвтрүүлэгт оролцуулж, аварга цолтой нэг бөх тэднээс “2019 оны наадмын өмнө зургаан сая төгрөгийн үнэтэй допингийн төрөлд багтдаг тариаг худалдан аваад одоо болтол төлбөр тооцоог хийхгүй байгаа” гэсэн зүйл ярьсан нь Монгол бөхийн болон одоо ид барилдаж байгаа бөхчүүдийн нэр хүндэд халдсан ноцтой үйлдэл болоод байна. Иймд танай байгууллагад шалгаж байгаа допингтой холбоотой хэрэг болон дээрх хоёр ноцтой мэдээллийн талаар яаралтай шалгаж, манай холбоонд хариу өгч тусална уу” хэмээн дурджээ.
“Стар” телевизийн talk Show Ulaanbaatar” нэвтрүүлгийн үеэр загвар өмсөгч С.Эрдэнэцогт “Бөхчүүд их, бага хэмжээгээр допинг хэрэглэж байгаа шүү дээ. Улс, аймаг, сум, цэргийн цолтой бөхчүүдийн дийлэнх нь хэрэглэж байгаа. Миний нэг найзаас улсын аварга цолтой бөх зургаан сая төгрөгийн допингийн төрлийн бодис аваад “Нутгийнхаа бөхчүүдэд зараад өгье” гээд алга болчихсон. Бөхчүүд допинг хэрэглэдэг ч түүнийгээ нуудаг. Тэгснээ “Би допинг хэрэглээгүй” гээд зарлаад байдаг. Үнэн хэрэгтээ олонх нь хэрэглэж байгаа. Өндөр үнээр авдаг. Үнэхээр төрмөл, байгалиараа бие бялдар сайн бөхчүүд байгаа л байх. Гэхдээ тэр нь цөөхөн бий” гэж ярьсан байдаг.
Тэгвэл МҮБХ-ноос тавьсан дээрх асуудлуудыг АТГ-аас шалгахаар болжээ.
АТГ-аас тодруулахад “Допингийн төрлийн бодис зарсан асуудлаас илүүтэй Допингийн эсрэг үндэсний төвийн ажилтнууд шинжилгээний хариуг өөрчилдөг эсэх асуудал нь манай шалгах ажил юм. Гэхдээ дээрх асуудал нь шалгах ажлын нэг хэсэгт ороод явах байх” гэлээ. Түүнчлэн допингийн төрлийн бодис авч, нутгийн бөхчүүддээ худалдсан Улсын аварга хэн байв гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
“Urban talk Show Ulaanbaatar” нэвтрүүлгийн үеэр допингийн асуудлыг хөндсөн залуусын яриа:
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.