БНХАУ-аас ирэх монгол иргэдийг автозамын боомтоор нэвтрүүлэхгүй боллоо
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай хиллэсэн хилийн боомтуудаа 2020 оны гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд хаах тухай шийдвэрийг Засгийн газар 2020.01.31-ний өдөр гаргасан билээ.
Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтоор Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэж, гуравдугаар сарын 2-ныг хүртэлх Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглосон.
Шийдвэрийн хүрээнд БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг хоёрдугаар сарын 5-ныг дуустал урд хөрштэй хиллэдэг бүх боомтоор нэвтрүүлэхээр зааж, хоёрдугаар сарын 6-наас гуравдугаар сарын 2-ныг хүртэл зөвхөн агаарын болон төмөр замын боомтуудаар нэвтрүүлэхээр зохицуулсан.
- Тэгвэл БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг урд хөрштэй хиллэдэг бүх боомтоор нэвтрүүлэх хугацаа өнөөдөр дуусгавар болж байна. Тиймээс БНХАУ-аас ирэх иргэдийг маргаашнаас эхлэн зөвхөн агаарын болон төмөр замын боомтуудаар хил нэвтрүүлнэ.
БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газрууд халдварын голомтод хамаарахгүй бүсэд байгаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байгааг анхааруулъя.
Нэгдүгээр сарын 28-наас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар 5350 монгол иргэн эх орондоо буцаж иржээ.
Засгийн газрын шийдвэрийн хүрээнд Хилийн Даян-Хуньшанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтуудыг түр хаасан байгаа.
Сануулахад, Булган-Такашикэ, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг боомтоор хил нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэл, жолооч нарт энэ дэглэм хамаарахгүй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.