“Хаппи веритас”, “Ай Ти”, “Итгэл”лабораториуд 1.6 тэрбум төгрөг төлөхөөр болжээ
Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагч иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол “ үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийх гэрээт лабораториудтай хийсэн байдаг.
Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт даатгуулагчдад бодит, чанартай хүрч байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн актаар “Хаппи веритас” лабораторид 876.0 сая, “Ай Ти” лабораторид 526 сая, “Итгэл”лабораторид 272 сая нийт 1.6 тэрбум төгрөгийн төлбөр тогтоож Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгуулахаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.
Харин дээрх гурван лаборатори нь Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Иймд Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн актыг төлүүлэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулах чиглэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор болжээ.
Одоогийн байдлаар “Хаппи веритас” лабораторийн нэхэмжлэлийн дагуу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс товлосон шүүх хурал тус лабораторийн хүсэлтээр удаа дараа хойшлогдоод байгаа аж. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн хийсэн явцын хяналтаар “Эн Ар Би” ХХК-ийн “Ай Ти” лаборатори нь мэргэжлийн хүний нөөцгүй, эмчийн хяналтгүй шинжилгээ хийж байсан зэрэг гэрээний зөрчлийг илрүүлж 91 сая төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохгүй байхаар шийдвэрлээд байна. Тус компани нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 91 сая төгрөгийн санхүүжилтийг олгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд өчигдөр болохоор товлогдсон шүүх хуралдаанд тус лабораторийн өмгөөлөгч, төлөөлөгч ирээгүй тул Эрүүл мэндийн даатгалын сангаас “Эн Ар Би” компанид 91сая төгрөг олгохгүй байх эрүүл мэндийн даатгалын байгууллагын шийдвэр хүчинтэй хэвээр үлдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.