Хонконгийн засаг захиргааны тэргүүний эсрэг хориг арга хэмжээ авч байна
Эрх баригчид БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн 11 албан тушаалтан, тэр дундаа Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Ламын эсрэг хориг арга хэмжээ авч байна хэмээн АНУ-ын Сангийн яамны мэдэгдэлд дурджээ.
“Эрх чөлөө, ардчиллын үйл явцад шахалт үзүүлэх БНХАУ-ын эрх баригчдын бодлогыг хэрэгжүүлснийхээ төлөө Кэрри Лам шууд хариуцлага хүлээнэ. Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл явцад оролцсонтой нь холбоотойгоор Кэрри Ламын эсрэг хориг арга хэмжээ авч байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Кэрри Ламаас гадна Хонконгийн цагдаагийн комиссар Крис Тан, түүнээс өмнө энэ албан тушаалыг хашиж байсан Лу Вэйцун, Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Жон Ли, хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Тереза Чэн, үндсэн хуулийн дэг журмын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Эрик Цанг, Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Эрик Чань, Хонконг дахь Хятадын төв Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн Ло Хуэйнин, Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах газрын дарга Жэн Яньсюн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хонконг, Макаогийн асуудал хариуцсан газрын дарга Ся Баолун болон орлогч дарга Жан Сяомин нар тус хориг арга хэмжээнд багтжээ.
Хоригийн жагсаалтад багтсан эдгээр хүн Хонконгийн бие даасан статусыг алдагдуулах, үг хэлэх, хурал цуглаан хийх эрх чөлөөг хязгаарлаж буй явдалд холбоотой гэж АНУ-ын эрх баригчид үзэж байна. Хориг арга хэмжээнд багтсан хүмүүсийн АНУ дахь хөрөнгийг нь царцаах, Америкийн иргэд, компаниудтай бизнес эрхлэхийг нь хориглох аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.