Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОХ-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монголын үндэсний олимпын хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцов.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга олимпын алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд “Тамирчны зовлонг ойлгодог, салбараа мэддэг хүн энэ албанд томилогдсонд олзуурхаж байна. Монголчууд спортлог ард түмэн учраас Монгол тамирчдын авьяас чадварт итгэдэг. Иймээс МҮОХ шинэ бүтэц зохион байгуулалтад орж, гадаад харилцаандаа анхаарах хэрэгтэй. Үүний тулд үйл ажиллагаандаа эрс шинэчлэл хийх, гадаад харилцааг идэвхжүүлэх, гадны орнуудаас багш, дасгалжуулагч авч ирж, туршлага хуваалцаж ажиллахад онцгой анхаарал хандуулах ёстой. Ингэж байж Монгол тамирчдын амжилтын түвшинг дээшлүүлж, олимпын наадмаас хүртсэн медалийн тоог нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн манай улсад жилийн зургаан сар хүйтэн уур амьсгалтай байдаг. Иймээс өвлийн спортын төрлүүдийг эх орондоо хөгжүүлж, Монголын баг тамирчид өвлийн олимпод амжилттай өрсөлдөх боломжтой” гэдгийг онцлон хэлсэн юм.
Түүнчлэн “Ковид-19” цар тахлын улмаас хойшлогдоод байгаа “Green games-2020” буюу залуучуудын “Ногоон наадам”, “Ulaanbaatar-2023” Зүүн Азийн залуучуудын хоёрдугаар наадмыг зохион байгуулахад МҮОХ хамтран ажиллаж, хүүхэд залуучуудыг спортод дуртай болгоход голлон анхаарал хандуулж, ажиллахыг хүссэн юм.
Үүний дараа МҮОХ-ны удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад МҮОХ-ны үйл ажиллагааг сайжруулах, Монгол тамирчдын дэлхийн тавцанд гаргаж буй амжилтыг ахиулахын тулд хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, төр засгаас спортын салбарыг бодлогын түвшинд дэмжих нь чухал байна гэв. Хариуд нь Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх сард МҮОХ-нд зочлон үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.