ШӨХТГ: Хувийн сургуулиуд бүтэн төлбөр нэхвэл ХАРИУЦЛАГА тооцно
Сургуулийн төлбөрийг тушаахгүй бол сургуулиас хасах, өнгөрсөн жилийн төлбөрийг нэхэх, төлбөр төлөхгүй бол хичээлд суулгахгүй гэх асуудлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Батбаатар болон холбогдох албан тушаалтнуудтай уулзжээ.
Уг нь Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлбөр, хураамжийг эцэг эх, асран хамгаалагчид санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр харилцан тохиролцож гэрээ байгуулан төлөх уян хатан зохицуулалт хийхийг өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгасан 2020.08.05-ны өдрийн Монгол Улсын Шадар сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал болон 2020.08.06-ны өдрийн Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарсан байгаа.
Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөвлөж гаргаж, ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгт хүргүүлж эхэлжээ.
Зөвлөмжид,
- Салбарын сайдын баталсан тушаал, шийдвэрийг биелүүлэх,
- Эцэг, эхчүүдтэй гэрээ байгуулахдаа сургалтын төлбөрийн асуудлаар зөвхөн сургуулийн захиргаанаас урьдчилан бэлтгэсэн гэрээний нөхцлийг тулгадаг аргыг таслан зогсоох,
- Сургалтын төлбөрийн төлөх хэмжээ, хугацааг эцэг эхчүүдийн саналыг үндэслэн харилцан зөвшилцөж гэрээнд тусгах,
- Сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх жилээс нэмэгдүүлэхгүй байх,
- Сургалтын төлбөртэй холбоотой асуудлаас шалтгаалж сурагчийг сургуулиас хасах, завсардуулахгүй байхыг дурьджээ.
Хэрэв сургуулиуд дээрх зөвлөмжийг мөрдөж ажиллахгүй бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуульд заасны дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авах ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.