Шинэ Зеландад нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй зорчвол торгоно
Шинэ Зеландад нийтийн тээврийн хэрэгслээр амны хаалтгүй зорчсон тохиолдолд торгохоор боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Крис Хипкинс өнөөдөр мэдэгджээ.
"Зөрчил гаргасан иргэнийг 300-1000 Шинэ Зеланд доллароор торгох бөгөөд ирэх даваа гаргаас нийтийн тээврийн хэрэгсэл, нисэх онгоцонд амны хаалт заавал зүүх шаардлагатай болно" гэж тэрбээр мэдээлсэн байна.
Харин уг дүрэм такси, сургуулийн автобусаар зорчигчдод хамааралгүй байна. Мөн эрүүл мэндийн тодорхой шалтгаантай болон 12-оос доош насны хүүхдүүд амны хаалт зүүхгүй байж болох ажээ.
Шинэ Зеландад сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын долоон шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 1351-т хүрчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь зөөвөрлөгдөн ирсэн бол үлдсэн нь дотоодод халдварлажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.