НҮБ: Ливид коронавирусний цар тахлын байдал хяналтаас гарч байна
Ливид коронавирусний цар тахалтай холбоотой нөхцөл байдал хяналтаас гарч, халдварын тоо тасралтгүй нэмэгдэж байна гэж тус улсад дэмжлэг үзүүлэх НҮБ-ын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Стефани Уильямс мэдэгджээ.
“Ливи улс эдийн засгийн хүнд хэцүү хямралтай тулгараад байна. Тус улсад болж буй мөргөлдөөн төвийн бүс нутгуудад, тэр дундаа Сирт мужид аюул учруулж байгаа ба энд 130 мянган энгийн иргэн аюулд ороод байна” гэж тэрбээр мэдэгдсэнийг “Maghreb Arabe Press” агентлаг уламжилсан байна. “Үүний дээр халдварын тоо тасралтгүй нэмэгдэж, коронавирусний цар тахалтай холбоотой нөхцөл байдал хяналтаас гарч байна. Ялангуяа Ливийн өмнөд нутагт халдварын тоо огцом нэмэгдэж байна” гэж НҮБ-ын элч төлөөлөгч мэдээлэв.
Ливийн Үндэсний зөвшилцлийн засгийн газрын тэргүүн Фаиз Сарража коронавирусний улмаас өөрийн хяналтад буй газар нутагт дөрвөн өдрийн хөл хорионы цагийг лхагва гарагт тогтоосон байна. Дөрвөн өдрийн хугацаа дууссаны дараа оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэсэгчлэн хөл хорих аж. Түүнчлэн шашны болон олон нийтийн цугларалт, олныг хамарсан арга хэмжээг явуулах, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихыг хориглож, захуудыг хаажээ.
Албан ёсны мэдээллээр, Ливид коронавирусний халдварын 12 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, халдвараас үүдэлтэй өвчин нь хүндэрсний улмаас 200 гаруй хүн нас барсан бол 1150 хүн эдгэрсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.