Японы Ерөнхий сайд огцрох бодолтой байна

Японы Ерөнхий сайд огцрох бодолтой байна

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо эрүүл мэндийнх нь байдал дордож байгаатай холбогдуулан огцрохоор төлөвлөж байна гэж тус улсын олон нийтийн телевиз мэдээллээ.

Тус телевизээр мэдээлж буйгаар, Японы Засгийн газрын тэргүүн огцрох шийдвэрийг хэдийнээ гаргажээ. Абэ энэ тухайгаа баасан гарагт орон нутгийн цагаар 17 цагт тусгайлан хийх хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэх төлөвтэй байна.

Хэрэв тэрбээр огцорвол эрх баригч Либерал-Ардчилсан нам шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг парламентаар батлах ёстой. Либерал-Ардчилсан нам болон тус намын холбоотнууд парламентын хоёр танхимд хоёуланд нь олонхын суудал эзэлдэг учир сөрөг хүчний зүгээс ямар нэгэн саад тотгоргүйгээр Засгийн газрын шинэ тэргүүнийг батлах боломжтой юм.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Японы Ерөнхий сайд хоёр ч удаа эмнэлэгт очсон нь түүний эрүүл мэндийн байдал муудсан гэх цуу яриаг дэвэргэжээ. Долдугаар сарын 6-нд Абэ албан өрөөндөө байхдаа бие нь муудсан гэх мэдээлэл Японы долоо хоног тутмын “Flash” сонинд наймдугаар сарын эхээр гарсан байна. Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр цусаар бөөлжжээ. Үүний дараа түүний ажлын хуваарь таван цаг завсардсан байна. Үүнээс гадна, Японы Засгийн газрын тэргүүн сүүлийн үед Томигая дүүрэг дэх гэртээ эрт харьдаг болжээ. Харин Абэ өөрөө өмнө нь сэтгүүлчдэд мэдэгдэхдээ биеийнх нь байдал сайн байгаа гэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.