Агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхүүдэд угаарын хий мэдрэгч тарааж эхлэв
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа, мал эмнэлгийн мэргэжлийн алба хаагчид хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдал тайван байна. Сүүлийн үед обьектын гал түймэр болон пийшин, зуухны галлагаатай холбоотой дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Энэ сарын байдлаар шингэрүүлсэн шатдаг хийнээс үйдэлтэй долоон удаагийн дуудлага ирсэн. Тодруулбал, орцны жижүүр газан плитка хэрэглэж байгаад гал алдсан, приус автомашинд ахуйн газ дэлбэрсэн, насанд хүрээгүй хүүхдүүд газ үнэрлэсэн гэх шалтгаанаас үүдэлтэй дуудлага байсан юм. Мөн иргэд зуухны аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдээр галлагаа хийлгэхгүй, газан плитка ашиглуулахгүй байхад анхаарах шаардлагатай байна. “Тавантолгой түлш” ХХК “Иргэдэд үйлчлэх төв”-ийг байгуулан өрх бүрийн пийшин, зуухны битүүмжлэлийг шалгах, яндан хөөлөх заавар зөвлөмжийг өгч ажиллах юм. Иймд иргэд та бүхэн өвлийн бэлтгэлээ хангаж, мэргэжлийн байгууллагуудын заавар, зөвлөмжийг анхаарахыг хүсч байна” хэмээлээ.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоогоод байгаа. Энэ жилийн агаарын чанарыг сайжруулах бүсэд алсалсан 5 хороо орж, шахмал түлш хэрэглэхээр болсон. Үүнтэй холбоотой нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран агаарын чанарыг сайжруулах бүсэд шинээр орсон хороод болон Улаанбаатар хотод шилжин ирж суурьшсан айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг үнэ төлбөргүй тараах ажлыг зохион байгуулж байна. Нийт 15723 ширхэг угаарын хий мэдрэгчийг дүүрэг, хороодоос ирсэн мэдээллийн дагуу тарааж байна. Айл өрхүүд угаарын хий мэдрэгчийн төхөөрөмжийн заавартай сайн танилцаж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг дагаж ажиллах хэрэгтэй. Угаарын хий мэдрэгч бүрэн автомат учир дуут чимээ өгсөн тохиолдолд унтраахгүй байхыг иргэддээ анхааруулж байна” гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.