Ядам сүмийн барилгыг засварлана

Ядам сүмийн барилгыг засварлана

Нэг жилийн хугацаанд хэрэгжиж байгаа “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилт болоод цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хөтөлбөрийг санаачлагч MCS групп, Монголын урлагийн зөвлөлөөс өнөөдөр /2020.09.04/ мэдээлэл хийлээ.

MCS групп “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрөө музей болон хийдийг шинэчлэн сайжруулах зорилготойгоор 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.

“Өв эрдэнэ” хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд Чойжин ламын сүм музейг Дэлхийн хөшөө дурсгалын сангийн “World Monuments Watch 2020” хөтөлбөрийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлж, олон улсад сурталчлан таниулах ажлыг эхлүүлсний үр дүнд тус санхүүжилтийг авсан байна. 

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Чойжин ламын сүм, Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалан хийд тэргүүтэй долоон төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Ингэхдээ Монголын урлагийн зөвлөл, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газар, Соёлын өвийн үндэсний төв, дотоод гадаадын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх экспертүүдтэй хамтран дараах ажлуудыг хэрэгжүүлээд байна.

  • Занабазарын музей ба Чойжин ламын сүм музейн Augmented reality AR дижитал үзмэр бүтээж өгч, ухаалаг нүдний шил ба Android, IOs таблетаар үзэх боломжтой болсон
  • Амарбаясгалан хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж , хамгаалах төслийг 2019 онд хэрэгжүүлсэн
  • “Дурсгалт уран барилгын оношилгоо ба сэргээн засварлалт” сургалтад Монголын 30 гаруй мэргэжилтнүүдийг хамруулсан
  • Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг хэрэгжүүлсэн
  • Чойжин ламын сүм музейн барилгын эвдрэл гэмтлийн судалгаа, сэргээн засварлалтын зөвлөмж, хадгалалт хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулсан 
  • Чойжин ламын сүм музейн гадна талбайн 2 га газрыг 1.1 тэрбум төгрөгөөр тохижуулсан
  • Чойжин ламын сүм музейн Ядам сүм ба дунд хаалганы барилгын сэргээн засварлалтын зураг төслийг боловсруулж, засварлахад бэлэн болгожээ.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн АНУ-ын Элчин сайд Майкл С.Клечески Соёлын өвийг хамгаалах сан /AFCP/ болон Дэлхийн хөшөө дурсгалын сангаас санхүүжилт бүрдүүлж, Чойжин ламын сүм музей доторх Ядам сүмийн барилгыг сэргээн засварлахаар болсноо мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.