Беларусийн сөрөг хүчний тэргүүн НҮБ-аас тусламж хүслээ

Беларусийн сөрөг хүчний тэргүүн НҮБ-аас тусламж хүслээ

Өнгөрсөн 8-р сарын эхээр Беларусьт ерөнхийлөгчийн сонгууль явагдсан юм. Энэ сонгуульд тус улсыг 30 орчим жилийн турш удирдаж байгаа Александр Лукашенко дахин ялалт байгуулснаа зарласан юм. Гэвч сөрөг хүчин төдийгүй иргэд сонгуулийн үр дүн, Лукашенкогийн олон жилийн улс төрийн ноёрхлыг эсэргүүцсэн жагсаж, тэмцэл өрнүүлж эхлээд байгаа юм. Беларусьт эсэргүүцлийн хөдөлгөөн одоог хүртэл үргэлжилж байгаатай зэрэгцэн тус улсын сөрөг хүчний тэргүүн НҮБ-аас тусламж хүссэн байна. 

Светлана Тихановская Беларусийн сөрөг хүчний тэргүүн: 1945 онд НҮБ-ыг үүсгэн байгуулахад идэвхтэй оролцсон орнуудын нэг нь Беларусь улс юм. Одоо бидэнд, Беларусийн ард иргэдэд НҮБ-ын тусламж хэрэг болоод байна. Европ тивийн  төвд байрлах энэ улсад  өрнөж буй хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй ичгүүргүй, балмад үйл явдлыг зогсооход та бүхний тусламж хэрэгтэй байна. Беларусийн цэрэг, цагдаагийн хүчин жагсагчдын эсрэг илт давуу хүч хэрэглэж байгааг НҮБ буруутгана бид итгэж байна. Беларусь дахь хүний эрхийн зөрчлийн асуудлаар НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл тусгай хуралдааныг зохион байгуулах ёстой.

Беларусийн сөрөг хүчний тэргүүн ийнхүү  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн албан бус уулзалтад цахимаар оролцож, дуу хоолойгоо илэрхийлсэн байна. Тэрээр сонгуулийн дараагаар эх орноосоо дүрвэж, одоо Литв улсад орогнож байгаа юм. Светлана Тихановская НҮБ-ын уулзалтад оролцох үедээ 1994 оноос хойш Беларусь улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг тасралтгүй хашиж байгаа Александр Лукашенко болон түүний ойр дотнын хүмүүсийн эсрэг хориг тавихыг НҮБ-д уриалсан байна. Улс төрийн хоригдлуудыг суллаж, шинэ, шударга сонгуулийг дахин явуулахыг сөрөг хүчний тэргүүн ийнхүү шаардаж байгаа юм.

Өнгөрсөн сард Европын удирдагчид Беларусийн нэр бүхий албан тушаалтнуудын эсрэг хориг тавих асуудлаар санал нэгдсэн юм.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.