Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6500 стандарт мөрдөж байна
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Стандарт, Хэмжил Зүйн газар, Үндэсний Итгэмжлэлийн төвийн албан хаагчидтай өнөөдөр уулзлаа.
Энэ үеэр Шадар сайд хэлэхдээ, "Монгол Улсын бүх салбарт өнөөдрийн байдлаар 6500 гаруй стандарт мөрдөж байна. Чанарын дэд бүтцийн 5 гол тулгуурын нэг хэмжил зүйн салбарт хөрөнгө оруулах, эталон тоног төхөөрөмжийг шинээр авах ажлыг ч Засгийн газар орхигдуулаагүй явж ирсэн. Ирэх жилүүдэд Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хийн тоолуур шалгах эталон лабораторийг шинээр байгуулах ажлыг шат дараатай төлөвлөн гүйцэтгэхийн тулд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж байна. Эталон тоног төхөөрөмжийг шинэчлэх, төсөл хөтөлбөр боловсруулах чиглэлээр гаргах санал санаачлагыг дэмжин ажиллах болно" гэлээ.
Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар нь Үнэт металлын сорьц тогтоох лаборатори, эрдэнийн чулууны лаборатори, алт хайлах хэсэг, хяналт шалгалтын улсын байцаагчид гэсэн үндсэн 4 бүтэцтэй, нийтдээ 18 орон тоотойгоор Монгол улсын нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу олборлох, тэдгээрээр үйлдвэрлэл явуулах үйл ажиллагаанд хяналт тавьж байна. Тус газар жилд дунджаар 15-16 тонн алт хайлуулж, 140000-150000 удаа сорьц тавьдаг бөгөөд мөнгөн эдлэлийн 925, алтны 585 сорьц хамгийн өргөн хэрэглэгддэг байна. Цаашид Үнэт металл сорьцын хяналтын чиглэлээр Монгол Улсын засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор баталсан “Монгол улсын сорьцын хяналтын дүрэм”, “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам”-ыг шинэчлэн батлуулах зорилтыг тавин ажиллаж байна