ОХУ-д суралцдаг 60 гаруй сонсогч "Тусгаар тогтнолын үнэ цэнэ"-тэй танилцлаа
Монгол Улс, ОХУ-тай цэргийн болон техникийн хамтын ажиллагааны шинэ хөтөлбөрийг 2019-2024 оны хооронд боловсруулсан бөгөөд Монгол Улс ОХУ-тай стратегийн түншлэл тогтоох бодлогыг баримталж байгаа билээ.
ОХУ-ын Засгийн газрын зүгээс монгол элсэгч нар тус улсын Батлан хамгаалах яамны Цэргийн академи болон бусад цэргийн сургуульд тэтгэлгээр суралцах боломж олгодог. Монгол Улсын Батлан хамгаалах яам ч ОХУ-ын цэргийн сургууль, академид шат дараалуулан суралцуулах бодлогыг баримталдаг бөгөөд суралцагчдын тоо, мэргэжлийн захиалгыг жил бүр Зэвсэгт хүчний хэрэгцээ шаардлагыг үндэслэн тогтоож, ОХУ-д хүргүүлэн суралцуулах асуудлыг нэмэлт гэрээгээр тодотгон зохицуулдаг юм байна.
Монгол Улсын Батлан хамгаалах яам цэргийн хамтын ажиллагаатай 20 орчим улсын цэргийн их дээд сургууль, академи, коллеж, мэргэжил дээшлүүлэх дамжаанд Зэвсэгт хүчний офицер, ахлагч, сонсогч болон энгийн албан хаагчдыг сурган бэлтгэж байгаа бол сүүлийн 20 жилд ОХУ-д 1000 орчим цэргийн алба хаагч бэлтгэж, одоо 300 гаруй сонсогч суралцаж байгаа аж.
Тэгвэл өчигдөр ОХУ-ын цэргийн академид тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 60 гаруй сонсогч Эх орны дайнд Ялалт байгуулсны 75 жилийн түүхэн ойг тохиолдуулан уг дайны жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид үзүүлсэн эд материалын тусламж, сэтгэл санааны асар их дэм түүнчлэн Дэлхийн II дайны төгсгөл Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын түүхэн оролцоог дахин сануулах зорилгоор өмнө нь олон нийтэд огт дэлгэж байгаагүй түүхийн хосгүй үзмэрийг дэлгэсэн “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” үзэсгэлэнг үзэж танилцжээ.
Сонирхуулахад, дээрх хамтарсан үзэсгэлэнг ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газраас санаачилж, БХЯ, БХЯ-ны Цэргийн төв архив, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив ,ТЕГ-ын тусгай архив, ХХЕГ, Монгол цэргийн музей, маршал Г.К.Жуковын дурсгалын музей, Улсын хилийн музейтэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.