“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгосны дараа хувьцааг ӨВЛӨХ, БЭЛЭГЛЭХ эрх нээгдэнэ.
1072 хувьцаа эзэмшигч иргэн нас барсан бол гэр бүлийн гишүүд нь ногдол ашгийг нь авч болох уу гэсэн асуултыг иргэд их тавьж буй учраас дараах мэдээллийг хүргэж байна.
“Эрдэнэс-Тавантолгой” компанийн зүгээс мэдээлэхдээ нас барсан иргэний хувьцааг өвлөж авсан хүн ногдол ашгийг нь авч болно гэж буй юм.
Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай шинэчилсэн журам”-ын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болгосны дараа хувьцааг ӨВЛӨХ, БЭЛЭГЛЭХ эрх нээгдэнэ.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дэх дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авах юм байна.
Тус төвийн Гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа хэлэхдээ “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн тохиолдолд хувьцааг бусдад бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, зарах эрх үүснэ. Тэр үед нас барсан иргэний хувьцааг өв залгамжлах асуудал шийдэгдэнэ” гэж буй юм.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв одоогоор нас барсан 70 мянган иргэний хувьцааны бичилтийг хийж, ногдол ашгийг нь төвлөрүүлжээ. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гараагүй байгаа учраас нас барсан иргэдийн хувьцааны ногдол ашгийг гэр бүлийн гишүүд нь авах эрх үүсээгүй байна.
“Гүүдсек” үнэт цаасны компаниас тодруулахад “Одоогоор Засгийн газраас энэ талаар ямар нэг шийдвэр гараагүй байгаа. Гэр бүлийн гишүүдэд нь өвлүүлэх, шилжүүлэх шийдвэр гараагүй байна. Тиймээс нас барсан хувьцаа эзэмшигчдийн нэр дээр хувьцаа нь бүртгэлтэй хэвээрээ байгаа” гэсэн хариултыг өгсөн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.