Г.Занданшатар: Ёс зүйгээ умартсан хүн төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим төрийн албанд үйлчлэх учиртай
УИХ, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын Элчин сайдын яам хамтран зохион байгуулж буй “ Итгэл даах төрийн албаны зөвлөл” зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.
Зөвлөгөөнд 14 яам болон 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Говь-Алтай аймгийн сумдын төрийн байгууллагын ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилладаг төрийн захиргааны 120 албан хаагч оролцож байна. Ковидын халдвараас сэргийлэх, халдвар хамгаалалтын дэглэмийн дагуу уг зөвлөгөөнийг нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад хүртээмжтэй байлгах зорилгоор 21 аймаг, 330 сумын төрийн байгууллагуудад цахим системээр шууд дамжуулан хүргэж байна.
Зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Өнгөрсөн онд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гол зорилгын нэг нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэж байгааг УИХ-ын дарга онцлов. Түүнчлэн “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, хандлагыг ажлын гүйцэтгэлийн үнэлгээний салшгүй чухал хэсэг болгох тогтолцоог хэвшүүлж, ёс зүйн алдаа гаргасан төрийн удирдах албан тушаалтан сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг байх хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлсэн гэдгийг дурдлаа.
Тэрбээр, "УИХ-ын гишүүдийг төдийгүй, нийт төрийн албан хаагчдад хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагын үүднээс УИХ “Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо”-г өргөтгөж “Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороо” болгосон. Энэ байнгын хороо нь гишүүний ёс зүйн талаар баримтлах үндсэн зарчим, чиг баримжааг тодорхойлох, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд хариуцлага оногдуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, 198 мянган төрийн албан хаагийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх хууль тогтоомж, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэгтэй. Энэ бол монгол төрийн албан хаагч өргөсөн тангараг, үүрэг хариуцлагатаа эзэн байх ёстой, төрд ёс зүй дутаж байна гэсэн ард түмний шударга шаардлагад хариу өгөхийн төлөө төр засгаас хийж буй ажлын нэг хэсэг юм. Өргөсөн тангарагтаа үнэнч байхыг, эрхэлсэн ажилдаа эзэн байхыг, шударга байхыг төр, бас олон нийт төрийн албан хаагчаас шаардах эрхтэй хэмээв.
Өнөөдөр төрийн албанд нийт 198 мянга 463 албан хаагч ажиллаж байна. Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчдын тоо 2016 онд 193 байсан бол 2017 онд 334, 2018 онд 394 болжээ. Түүнчлэн, 2019 байдлаар төрийн захиргааны 316, төрийн үйлчилгээний 321 албан хаагч ёс зүйн зөрчил гаргасныг байгууллагын дэргэдэх ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэн, арга хэмжээ авсан байна. Ноднин 17 төрийн захиргааны удирдах албан тушаалтан, 299 төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан 321 төрийн үйлчилгээний албан хаагч зөрчил гаргасан байна. Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбогдох өөр нэг асуудал бол ажлын байран дээрх бэлгийн дарамт юм. ХЭҮК, Шихихутаг хууль зүйн сургуультай хамтран 2018 онд хийсэн судалгаанд нийт 1120 хүн хамрагдсанаас 805 нь буюу 82,1 хувь нь ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой үйлдэл, эс үйлдэхүйд өртсөн хэмээжээ. Дээрх зөрчлүүдийн 43.3 хувийг иргэдийн гомдол , 0.9 хувийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийн дагуу, олон нийтийн сүлжээгээр, 54.3 хувийг байгууллагын дотоод хяналтаар илрүүлсэн байна.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, "Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах талаар бодлого, хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа. Төрийн нийт албан хаагчдын 60.84 хувь нь эмэгтэй байгаа ё шийдвэр гаргах түвшинд буюу дээд түвшний удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага хэвээр байна. Энэ нь төрийн албан хаагчдыг хүйсээр ангилсан мэдээлэл дутмаг, хүний нөөцийн төлөвлөлт, сонгон шалгаруулалт, томилгоонд жендэрийн мэдрэмж сул байгаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Иймд төрийн байгууллагууд төрийн захиргааны удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотод хүргэхтэй холбогдсон бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим цаашид төрийн алба, албан хаагчдад үйлчлэх учиртай. Энэ бол засан цэгцлэх олон асуудлын нэг юм" гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.