Сүга Ёшихидэ намынхаа удирдлагыг шинэчилнэ

Сүга Ёшихидэ намынхаа удирдлагыг шинэчилнэ

Японы эрх баригч Либерал-Ардчилсан намын шинэ дарга Сүга Ёшихидэ намынхаа удирдлагыг өнөөдөр шинэчлэх төлөвтэй байна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг Никай Тошихиро үргэлжлүүлэн хаших бол Боловсролын сайд асан Шимомүра Хакүбүнийг Бодлогын асуудал хариуцсан даргаар томилох ажээ.

Эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа огцорч буй Ерөнхий сайд Абэ Шинзогийн халааг аван намын шинэ даргаар даваа гарагт сонгогдсон Сүга Ёшихидэ Дотоод хэрэг, харилцаа холбооны сайд асан Сато Цүтомүг Ерөнхий зөвлөлийн даргаар томилохоор төлөвлөж байгаа бол Парламентын асуудал эрхэлсэн хорооны даргын албыг Морияма Хироши үргэлжлүүлэн хашина гэж намын эх сурвалжууд мэдээлжээ.

Сүга Ёшихидэ намын удирдлагын халаа сэлгээг хийснийхээ дараа Либерал-Ардчилсан намын эвсэл болох “Комэйто” намын дарга Ямагүчи Нацүотой уулзахаар товлосон бөгөөд талууд эрх барих эвслийг тогтвортой байлгах талаар тохиролцох ажээ.

Абэ Шинзогийн Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Сүга Ёшихидэг лхагва гарагт болох парламентын хуралдаанаар Ерөнхий сайдаар томилох бөгөөд үүний дараа тэрбээр коронавирусний цар тахалтай тэмцэхийн сацуу эдийн засгаа дэмжихэд чиглэсэн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Засгийн газраа байгуулна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.