АНУ-ын конгресс азиудыг ялгаварлан гадуурхаж, эсэргүүцэхийг буруушаасан тогтоол баталлаа
АНУ-ын конгрессын доод танхим буюу төлөөлөгчдийн танхим "COVID-19" цар тахалтай холбоотойгоор азиудыг ялгаварлан гадуурхаж, эсэргүүцсэн бүх хэлбэрийг буруушаасан тогтоол батлаад байна. Тогтоолын төслийг Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүд санаачилж өргөн барьжээ.
Конгресс дахь Ардчилсан намынхан Ерөнхийлөгч Дональд Трампыг "COVID-19"-ийг "Хятадын вирус" хэмээн нэг бус удаа нэрлэж Ази гаралтай америкчуудыг ялгаварлан гадуурхах үзлийг дэвэргэсэн гэж буруушааж байгаагаа өмнө нь ч илэрхийлж байсан юм. Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси "Цагаан ордон" шинэ коронавирустэй холбоотой асуудлыг ярихдаа аюултай, худал, гутаан доромжилсон үг хэллэг ашигладаг гэж буруушаасан байна.
Мөн тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын өвчлөлд хяналт тавих, урьдчилсан сэргийлэх төвийнхөн халдварт өвчнийг тодорхой нэг үндэстэнтэй холбохгүй байхыг анхааруулж байсныг онцлон тэмдэглэж байлаа. Төлөөлөгчдийн танхимын баталсан тогтоолд "COVID-19"-ийг Хятадын эсвэл Уханий вирус гэж хэлж, нэрлэхийг дэмжихгүйг тэмдэглэсэн байна. Мөн ийм үг хэллэг хэрэглэсэн тохиолдолд буруушаахыг, гарал үүслээс нь үл хамаарч АНУ-ын бүх иргэдийн эрүүл мэндэд санаа тавихыг нийтэд хандаж уриалсан байна.
Харин Төлөөлөгчдийн танхимын энэ тогтоолын төслийг Бүгд найрамдах намынхан эрс шүүмжилж байлаа. Тэд конгрессын доод танхимын дэд хорооны гишүүн ардчилсан намынхан өнгөрсөн нэгдүгээр сард шинэ коронавирусийг "Уханий вирус" гэж нэрлэж байсныг сануулсан байна. Мөн Ардчилсан намынхныг цар тахлын үед олон нийтэд дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл санаачилж, хэлэлцэхийн оронд ач холбогдолгүй, тодорхой үүрэг хүлээлгэхээргүй тогтоол батлуулж дэмий цаг үрж байна гэж шүүмжилсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.