Японы Гадаад хэргийн сайд ирэх долоо хоногт Монголд айлчилж магадгүй

Японы Гадаад хэргийн сайд ирэх долоо хоногт Монголд айлчилж магадгүй

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу ирэх долоо хоногийн сүүлчээр Монгол Улсад айлчлах боломжийг хэлэлцэж байна гэж “Kyodo” агентлаг хоёр улсын дипломат эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжлав.

Тус агентлагийн мэдээлж буйгаар, гадаад айлчлалынхаа хүрээнд Японы сайд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, тус улсын Гадаад харилцааны сайд Нямцэрэнгийн Энхтайван нартай уулзана гэж найдаж байна. Төлөвлөж буй хэлэлцээний үеэр Мотэги Улаанбаатар, Пёньян түүхэн найрсаг харилцаатай байдгийг үндэслэн, БНАСАУ-ын тагнуулын албаныханд хулгайлагдсан япон иргэдийн  асуудлыг шийдвэрлэхэд зуучлахыг Монголын эрх баригчдад уриалах бодолтой байна гэж мэдээлэлд тэмдэглэжээ.

Японы Гадаад хэргийн сайд 10 дугаар сарын 4 хүртэл гадаад айлчлал хийхээр болсноо есдүгээр сарын 29-нд мэдэгдсэн юм. Тэрбээр Франц, Португал, Саудын Арабад айлчилна.

БНАСАУ-д хулгайлагдсан Японы иргэдийн асуудал нь албан ёсны дипломат харилцаа тогтоогоогүй тус хоёр улсын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг юм. БНАСАУ-ын эрх баригчид Японы 13 иргэнийг хулгайлсан гэдгээ 2002 онд анх хүлээн зөвшөөрч, тэдний тавыг нь эх оронд нь буцаажээ. Харин үлдсэн хүмүүсийг нас барсан гэж мэдэгдсэн бөгөөд шарилыг нь төрөл төрөгсдөд нь илгээсэн боловч хулгайлагдсан иргэдийнх мөн эсэхийг тогтоож чадаагүй байна.

Хулгайлагдсан япончуудын хэргийг шинээр мөрдөн шалгах комисс байгуулах тохиролцоонд хоёр улсын Засгийн газар 2014 оны тавдугаар сард хүрсэн боловч БНАСАУ-ын эрх баригчид комиссыг хожим нь тараажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.