Трамп халдвар авснаа мэдэгдсэний дараа АНУ-ын биржүүдийн индексүүд урууджээ

Трамп халдвар авснаа мэдэгдсэний дараа АНУ-ын биржүүдийн индексүүд урууджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргий Меланьягийн хамт шинэ коронавирусний халдвар авсан тухайгаа мэдэгдсэний дараа тус улсын биржүүдийн индексүүд мэдэгдэхүйц буурсан байна. 

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн цахим хуудсанд баасан гарагт гарсан мэдээллээс үзвэл, аж үйлдвэрийн “Dow Jones” индекс АНУ-ын Зүүн эргийн цагаар 01 цаг 45 минут гэхэд 508 пунктээр /1.83 хувь/ унаж, 27181 нэгж болсон байна. АНУ-ын зах зээлийн хамгийн том 500 компанийг нэгтгэсэн "S&P 500" индекс 60 пунктээр /1.78 хувь/ буурч, 3307.75 пунктэд хүрсэн бол “Nasdaq” цахим биржийн индекс 11 336.75 пункт болж, 238 пунктээр /2.06 хувь/  доошилжээ.

Трамп гэргийн хамт коронавирусээр халдварласнаа баасан гаргийн өглөө “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.  Америкийн удирдагчийн эмч Шон Конлигийн мэдээлж буйгаар Трамп, Меланья нарын биеийн байдал сайн байгаа аж. Трамп эдгэрэх хүртлээ үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж чадна гэдэгт түүний эмч итгэлтэй байна.

Өдгөө 74 настай Трамп 11 дүгээр сарын 3-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас сарын өмнө коронавирусний халдвар авсан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч тэрбээр Ардчилсан намын нэр дэвшигч Жозеф Байдентэй 10 дугаар сарын 15-нд дараагийн мэтгэлцээнээ хийх ёстой юм. Одоогоор мэтгэлцээнийг хийх эсэх нь, мөн ямар хэлбэрээр зохион байгуулах нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.