Япон улс иргэдээ “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна

Япон улс иргэдээ “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна

Японы засгийн газар коронавируснээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын зардлыг даахаар болжээ. Хэрвээ вакцин тухайн хүнд сөрөг нөлөө үзүүлбэл засгийн газраас нөхөн төлбөр олгох юм байна.

Өнөөдөр өглөө Японы засгийн газар эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн ажлын хэсэгт иргэдээ үнэ төлбөргүй вакцинжуулах төлөвлөгөөгөө танилцуулжээ. Төлөвлөгөөнд вакцины сөрөг нөлөө илэрсэн хүн бүрт санхүүгийн дэмжлэг болон бусад эрүүл мэндийн бүх талын тусламж үзүүлэхээр заасан байна. Мөн сүрьеэ зэрэг бусад халдварт өвчний вакцинаас үүдэж эрүүл мэндэд нь сөрөг нөлөө илэрсэн хүнд ч адилхан нөхөн төлбөр олгохоор тусгажээ.

Хэрэв вакцин үйлдвэрлэгч компани, эмийн үйлдвэрүүд тухайн иргэнд нөхөн төлбөр төлөхөөр бол уг зардлыг засгийн газраас гаргах юм байна. Мөн уг төлөвлөгөөний дагуу орон нутгийн засаг захиргаа вакцинжуулах хөтөлбөрийг хариуцаж, иргэдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалах юм байна. Харин тухайн вакцин үр дүнгүй, хүний эрүүл мэндэд хор хохирол учруулах шинж тэмдэг илэрвэл уг хөтөлбөрийг зогсоох юм байна. Одоогоор Японы анагаах ухааны эрдэмтэд уг хөтөлбөрийг дэмжжээ.

Тус улсын эрүүл мэндийн яам Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг Парламентын ээлжит бус чуулганд өргөн барих юм байна. Мөн Японы засгийн газар ирэх оны эхний хагас гэхэд иргэн бүрээ хамруулах хэмжээний вакцин худалдаж авахаар Өрнөдийн эмийн компаниудтай яриа хэлэлцээ хийж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.