Трамп коронавирусний тээгч байхаа больсон гэж мэдээллээ

Трамп коронавирусний тээгч байхаа больсон гэж мэдээллээ

“COVID-19”-ийн халдвараас эдгэрсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп халдвар тээгч байхаа больсон гэж тус улсын төрийн тэргүүнийг эмчлэгч эмч Шон Конли бямба гарагт мэдээлжээ.

“Ерөнхийлөгч АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих төвийн /CDC/ тусгаарлалтаас гарах шалгуурыг хангаж байна. Тэрбээр бусад хүмүүст вирус халдаах эрсдэлгүй болохыг зөвшөөрөгдсөн стандартын дагуу өнөө өглөө хийсэн “PCR”-ийн шинжилгээний хариу харуулж байна" гэж Конли мэдэгдсэн байна.

Эмчийн хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч халдвар тараахаа больсон гэдгийг "24-өөс дээш цагаар" халуураагүй, "олон шинж тэмдгүүд сайжирсан", мөн "дэвшилтэт хэд хэдэн оношилгооны шинжилгээ" харуулж байгаа аж.

Бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Цагаан ордны тагтнаас дэмжигчддээ хандан үг хэлжээ. Тэрбээр цугласан олонд биеийнх нь байдал маш сайн байгааг хэлээд вирусний эсрэг вакцинийг удахгүй бэлэн болгохоо амлажээ.

Трамп коронавирусний халдвар авсан нь өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж, тэрбээр эмнэлэгт гурван хоног хэвтсэнийхээ дараа даваа гарагт гарсан юм. Өмнөх өдөр нь АНУ-ын Ерөнхийлөгч “COVID-19” -ийн давтан шинжилгээ өгсөн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор, дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо 36 сая давсан бол 1.05 сая орчим хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.