ОХУ-д халдварын шинэ тохиолдол гурав дахь өдрөө дараалан дээд үзүүлэлтэд хүрчээ
ОХУ-д ням гаргийн байдлаар коронавирусний халдварын 13 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн тухай тус улсын цар тахалтай тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.
"Өнгөрсөн хоногт ОХУ-ын 85 бүс нутагт коронавирусний халдварын 13634 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүний 3587 нь (26.3 хувь) эмнэлзүйн шинж тэмдэггүйгээр илэрсэн" гэж тус төвөөс мэдэгдэв.
Оросын нийслэл Москва хотод 4501 хүн шинээр халдвар авсан байна. Энэ нь тавдугаар сарын дунд үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Сүүлийн долоо хоногт коронавирусний халдварын шинэ тохиолдол өмнөх долоо хоногоос 46 хувиар нэмэгджээ. Москвад нэг хоногийн дотор 994 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Сүүлийн долоо хоногт эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 12 хувиар их байна. Москвагийн эмнэлгүүдэд 275 хүнд амьсгалын аппарат залгажээ.
ОХУ-д коронавируст халдварын өвчлөл есдүгээр сараас дахин нэмэгдэж, сарын дотор шинэ тохиолдлын тоо аравдугаар сарын эхэн гэхэд өдөрт 5 мянгаас 10 мянга болсон байна.
Аравдугаар сарын 5-наас 11-ний хооронд 83717 шинэ тохиолдол илэрсэн нь долоо хоногийн өмнөхөөс 31.7 хувиар их үзүүлэлт аж.
Цар тахал дэгдсэнээс хойш ОХУ-д халдварын нийт тохиолдол 1 298 718-д хүрч, 1 020 442 хүн эдгэрсэн бол нас барсан тохиолдлын тоо 22597 болжээ. Одоогийн байдлаар 255 679 хүн эмчлүүлж байна.
Дахин хөл хорих уу?
ОХУ-д одоогоор хорио цээрийн арга хэмжээг албан ёсоор аваагүй байна. Тус улсад ажлын бус өдөр гэж нэрлэгддэг дэглэм холбооны улсын хэмжээнд мөрдөгдөж, бүс нутгийн түвшинд өөрийгөө тусгаарлах дэглэм хэрэгжиж байсан билээ. Эдгээр арга хэмжээг гуравдугаар сарын сүүлчээр ОХУ-д халдвар авсан хүмүүсийн тоо хэдхэн мянга байхад авч байсан юм.
Одоо Оросын эрх баригчид хатуу арга хэмжээг дахин авахаас зайлсхийж, иргэддээ олон нийтийн газруудад амны хаалт зүүж, бээлий өмсөх, хүн хоорондын зай барих журмыг дагаж мөрдөхийг уриалж байна. Гэсэн хэдий ч баасан гарагт ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков шинэ хязгаарлалт тогтоож магадгүйг үгүйсгээгүй байна.
Оросын нийслэл хотынхны хувьд ирэх долоо хоног коронавирусний нөхцөл байдал "ихээхэн шийдвэрлэх" долоо хоног болно гэж Москва хотын дарга Сергей Собянин өмнө нь мэдэгджээ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд хэрэгжүүлж чадвал нэмэлт хязгаарлалтын арга хэмжээ авалгүйгээр нөхцөл байдлыг тогтворжуулах боломжтой гэж тэрбээр хэлсэн байна..
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.