У.Хүрэлсүх: Би Монгол Улсыг сул дорой байлгах сонирхолтой хүмүүс байдаг гэдэгт итгэдэг

У.Хүрэлсүх: Би Монгол Улсыг сул дорой байлгах сонирхолтой хүмүүс байдаг гэдэгт итгэдэг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.10.27/ ЦЕГ-ын бие бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтад Ерөнхий сайдаас гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Ц.Нямдорж нар оролцлоо. 

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газраас цагдаа нарын эрх зүйн орчин, цалин урамшууллыг нэмэх арга хэмжээг үе шаттай авч ирсэн. Энэ ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой. Хар тамхи хийгээд гэр бүл болон хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд дагнасан нэгжийг байгуулж, орон тоог нь нэмлээ. Энэ байгаль дэлхий чинь юу болж байгааг та бүхэн харж байгаа. Ерөнхий сайд нь гэр бүлийн хүчирхийлэл, байгаль дэлхий экологийн эсрэг гэмт хэрэгтэй гурван жил тэмцлээ. Энэ онд цагдаагийн байгууллагын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор хөгжлийн хөтөлбөрийг баталж гаргасан. Үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. Хөрөнгө санхүү нь дутагдалтай байна. Засгийн газар нь дэмжиж ажиллах болно. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа үүргээ нэр төртэй биелүүлж байгаа гэж дүгнэж, баярлаж байна. Дотооддоо халдвар алдаагүйд эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн алба хаагч та бүхний хичээл зүтгэлтэй шууд холбоотой" хэмээн онцоллоо. 

Түүнчлэн "Мөнгө угаах гэмт хэрэг их байна. Энэ ажлын эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай. Сүүлийн үед хар тамхитай холбоотой гэмт хэрэг ихэссэн. Одоо бол хар тамхины хэрэглээ газар авсан байна. Хар тамхитэй тэмцэх ажлыг чанарын өндөр түвшинд зохион байгуулах шаардлагатай байна. Хүн хүч хаях хэрэгтэй, энэ бол Монгол Улсын хувь заяатай холбоотой. Ялангуяа зарж байгаа нөхөдтэй хатуу тэмц. Сайд нь анхаар. Соён гэгээрүүлэх ажлыг сайн хийх хэрэгтэй байна. Соёлын өвийн болон бэлгийн мөлжлөгийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж, анхаарч ажиллах шаардлагатай байна. Монгол Улс цахим орон болж байна. Цахим гэмт хэрэг газар авч байна. Бас сайн тэмцэх хэрэгтэй шүү. Бусдыг доромжлох, нэр төрд халдах ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна. Монгол төрийг хүчгүй, сул дорой байлгах сонирхолтой хүмүүс байдаг. Байдаг гэдэгт нь би итгэдэг. Дарга, цэрэггүй, авлигад идэгдсэн байхыг хүн байдаг байхыг үгүйсгэхгүй. Энэ хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй байна. Ардчилал гэдэг нэрийн дор анархизм хөгжиж болохгүй. Монгол Улс эзэнтэй улс шүү" гэв.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.