Гучин мянган хонь Монгол-Хятадын харилцаанд шинэ үүд хаалгыг нээж байна

Гучин мянган хонь Монгол-Хятадын харилцаанд шинэ үүд хаалгыг нээж байна

Монголын ард түмнээс БНХАУ-ын ард түмэнд хандивласан 4000 толгой хонийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа энэ сарын 22-нд Замын Үүд-Эрээний бүсэд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “COVID-19” цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс 30 мянган хонь бэлэглэх гэрчилгээг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд гардуулснаас хойш найман сарын дараа хонины эхний хэсгийг ийнхүү Хятадын талд хүлээлгэн өгсөн юм. Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалын дараа талууд “COVID-19” цар тахал намжиж, хонин сүрэг тарга тэвээргээ авсан намрын улиралд 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааг зохион байгуулахаар тохиролцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Түмэнжаргал хонийг шилжүүлэн өгөх үеэр, “Энэхүү үйл явдал нь Монголын ард түмнээс Хятадын ард түмэнд зориулж буй халуун дулаан сэтгэлийн илэрхийлэл болж байгаагийн зэрэгцээ хоёр орны ард түмний харилцаанд эерэг уур амьсгалыг түгээж байна” гэж мэдэгджээ. Мөн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, “Хятадын ард түмэн Монголын ард түмний найрсаг сэтгэлийг хэзээ ч мартахгүй. Хятад, Монгол нь урт удаан түүхтэй, уул усаар холбогдсон найрсаг хөршүүд билээ. Халдварт өвчний эсрэг тэмцэж буй үед бид бие биеэ ойлгож, тусалж буй нь 'Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг' хэмээх Монгол ардын зүйр цэцэн үгийн утгыг бүрэн илэрхийлж байна” гэж хэлжээ.

Хонины дипломат ажиллагаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг энэ оны хоёрдугаар сард айлчлах үеэр нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин найрсгаар хүлээн авсан юм. Тэрбээр Хятадад “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойш айлчилсан анхны гадаад орны төрийн тэргүүн болсон билээ. Монголын Ерөнхийлөгч ийнхүү айлчилж, хонь бэлэглэсэн явдал нь эртний уламжлалыг сануулсны сацуу Монголын ард түмэн Хятадын ард түмнийг хүнд цаг үеийг даван туулахад дэмжлэг үзүүлж буйг илэрхийлсэн юм.

30 мянган тоо толгой хонь бэлэглэсэн нь хоёр орны найрамдал онцгой болохыг харуулжээ. Монголчууд халуун хошуут хонийг үнэ цэнтэй бэлэг хэмээн үздэг бөгөөд чин сэтгэлийн илэрхийлэл болдог юм. Мөн хонины мах нь дархлааг сайжруулах ач тустай тул Хятадын ард түмнийг хүнд нөхцөл байдлаа хурдан хугацаанд даван туулаасай хэмээн бэлгэджээ. Үүнээс үзэхэд уг бэлэг нь Монголын ард түмэн, Хятадын ард түмний гүн гүнзгий нөхөрлөлийн илэрхийлэл болжээ.

Монголчуудын хэлдэг “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” хэмээх үг нь хүнд үед нөхрийн мөн чанар танигддаг хэмээх утгатай юм. Айлчлалынхаа үеэр Монголын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонссоны дараа Ши Жиньпин “Дусал ус мэт ачлал үзүүлвээс дундаршгүй булаг мэт хариу барьюу” хэмээн Күнзийн үгийг иш татан хэлсэн билээ.

Ийнхүү талууд Хятад улсад шинэ коронавирусний цар тахал дэгдсэн, улс даяараа халдвартай тэмцэж буй үед хийсэн айлчлалыг төгсгөсөн нь хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ шинэ түвшинд хүрснийг баталж, хөрш орнуудын оюун санааны хамтын ажиллагааг дэлхий дахинд харуулсан үйл явдал болсон юм.

Хятадын ард түмэн ч мөн 30 мянган толгой хонь хандивласан монголчуудад талархал илэрхийлсэн юм. “Sina Weibo” нийгмийн сүлжээнд “Монгол Ерөнхийлөгч Хятадад 30 мянган толгой хонь бэлэглэлээ” сэдвийг 100 сая гаруй удаа үзжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, “хонины дипломат ажиллагаа” нь хоёр орны стратегийн түншлэлийг бэхжүүлэх, улс төр, эдийн засгийн харилцааг сайжруулах, Хятад, Монголын ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Монголын олон улсын харилцааны судлаач, дипломатч асан Д.Баярхүү уг айлчлалыг “жижиг улсын дипломат ялалт”, “Монголын эерэг дүр зургийг Хятадын ард түмэнд түгээх ухаалаг шийдвэр” хэмээн тодорхойлжээ. Мөн олон улсын харилцаа судлаач Л.Бямбахандын хувьд, Ерөнхийлөгчийн айлчлалыг "Хятадын ард түмний зүрх сэтгэл, оюун бодлыг татах Монголын зөөлөн хүчний бодлогын амжилт” гэж үзсэн байна.

Худалдааг нэмэгдүүлэх боломж

Монгол Улс экспортынхоо 90 орчим хувийг нийлүүлдэг Хятадын зах зээлийг сонирхож буйг 30 мянган толгой хонь бэлэглэсэн явдал мөн илэрхийлжээ. Түүнчлэн Хятадад “COVID-19” дэгдсэн нь Монголд тодорхой сорилтуудыг бий болгосон юм. Монгол улс орондоо цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлэхийн сацуу эдийн засгаа уналтад оруулахгүй байх шаардлага тулгарчээ. Хятадад коронавирусний халдвар тархсан үед Монголын орлогын гол эх үүсвэр болох түүхий эдийн экспорт ноцтой тасалдсан юм. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын дараа Монголын ачааны тэрэгний жолооч нарын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээнүүдийг баримтлан нүүрсний тээвэрлэлтийг үргэлжлүүлжээ.

Хятад, Монгол энэ онд худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байгаа юм. Монголын Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, Монгол, Хятадын худалдааны эргэлт 2019 онд 8.9 тэрбум ам.долларт хүрсэн нь Монголын нийт гадаад худалдааны 64.4 хувьтай тэнцсэн байна.

Ирэх жилүүдэд Монгол Улс Хятад руу олон салбарын экспортоо нэмэгдүүлэхээр зорьж байгаагийн эхэнд мал орж байна. Монголд 2019 онд явуулсан малын тооллогоор, малын тоо толгой 70.9 саяд хүрчээ. Монгол Улс нь жилд 6-7 сая толгой мал буюу 174 мянган тонн махыг экспортлох бололцоотой юм. Гэсэн хэдий ч малын эрүүл ахуйн тогтолцоо сайтар хөгжөөгүйгээс гадна Хятадын хил гаалийн зохицуулалтын шаардлагуудтай холбоотойгоор хангалттай хэмжээний махыг өмнөд хөрш рүүгээ экспортолж чаддаггүй. Одоогийн байдлаар Хятад улс адууны хөлдөөсөн мах, дулааны аргаар боловсруулсан бага хэмжээний үхрийн махыг л импортолж байгаа юм. 2019 онд Монгол Улс 58 мянган тонн мах экспортолсны 30.3 тонныг нь Хятад руу экспортолжээ. Монгол Улс нь 2020 онд 15 гаруй орон руу 7 сая тонн мах экспортлох зорилт тавьсан боловч цар тахлын улмаас эхний хагас жилд стратегийн хүнсний экспорт хойшилжээ.

Монголын Засгийн газар хөдөө аж ахуйг эдийн засгийн хөгжлийнхөө тулгуур гэж тодорхойлсон бөгөөд “хүнсний экспортлогч” болохыг зорьж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шанхай хотод өнгөрсөн онд болсон Хятадын олон улсын импортын хоёрдугаар үзэсгэлэнд үг хэлэх үеэрээ, Хятад улс импортод илүү өндөр ач холбогдол өгөх болно гэж мэдэгджээ. Үүнтэй зэрэгцэн, Монгол Улс Хятадын нээлттэй бодлогын давуу талыг ашиглаж, өмнөд хөрш рүүгээ хийх экспортынхоо хэмжээг нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна.

Хандивын хонинуудыг Монголын зүүн, өмнөд нутгийн гурван аймаг Хэнтий, Сүхбаатар, Дорноговиос цуглуулж, хонь нэг бүрийг малын үзлэгт оруулжээ. Холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, 30 мянган толгой хонийг ирэх 11 дүгээр сарын дундуур хүлээлгэн өгч дуусах ажээ. Монгол Улсаас 30 мянган толгой хонийг Хятад руу анх удаа амжилттай тээвэрлэснээр тус улс руу хонины махны нийлүүлэлтийг өсгөх, махны экспортыг нэмэгдүүлэх боломжтойг илэрхийлэх юм. “China Focus” цахим хуудасны чөлөөт нийтлэлч Т.Сарангуа энэхүү нийтлэлийг бичжээ. 

ЭХ СУРВАЛЖ: https://montsame.mn/mn/read/241347

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.