“Amazon” компани энэ оны гуравдугаар улиралд 96.1 тэрбум ам.долларын орлого олжээ.
Америкийн “Amazon” компани энэ оны гуравдугаар улиралд 96.1 тэрбум ам.долларын орлого олжээ.
Пүрэв гарагт нийтэлсэн тус компанийн улирлын тайлангаас үзвэл, есдүгээр сарын 30-нд дууссан гурван сарын хугацаанд орлого нь өнгөрсөн оны мөн улирлынхаас 37 хувиар өсжээ. Өнгөрсөн оны мөн үед “Amazon” компани 70 тэрбум ам.долларын орлоготой байсан бол энэ жил 92.7 тэрбум ам.доллароос хэтрэхгүй гэж шинжээчдийн таамаглаж байснаас давсан байна.
“Amazon” компани 6.3 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж, нэгж хувьцаанаас 12.37 ам.доллар олжээ. Хойд Америк дахь борлуулалт нь 39 хувиар, харин дэлхийн хэмжээнд 37 хувиар өссөн байна. Коронавирусний шинэ цар тахалтай холбоотойгоор “Amazon”-ы үйлчилгээний эрэлт эрс нэмэгджээ. “Amazon” компани он гарснаас хойш хамгийн багадаа 400000 ажлын байр шинээр бий болгосныг тус компанийн тэргүүн, Америкийн бизнес эрхлэгч Жефф Безос тэмдэглэжээ.
Интернэт худалдааны дэлхийн хамгийн том компани болох “Amazon”-ыг Жефф Безос 1994 онд байгуулжээ. Тус компанийн зах зээлийн үнэлгээ одоо 1.52 их наяд орчим ам.доллароор хэмжигдэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.